Т.Хонгорзул: Халдварын энэ үед дасгал хийж, уур бухимдлаа аз жаргалын даавраар солиорой
Хэт их айж сандрах үед тархинаас стрессын даавар ялгарч улмаар дархлаа мууддаг
Энэ сарын 2-нд Францын улсын иргэнээр дамжин Монгол Улсад коронавирусний анхны тохиолдол илэрсэн билээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 117 хүнийг тусгаарласан бол үүнээс 23 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан юм. Мэргэжлийн байгууллагаас иргэдийг аль болох тайван байж, сэтгэл санаагаа хямраахгүй байхыг зөвлөж буй. Үүнтэй холбогдуулан клиник сэтгэлзүйч Т.Хонгорзултай ярилцлаа.
-Коронавирусний халдварын үед иргэдийг сэтгэл санаагаа хямраахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сэтгэл санааны байдлаа хямраахгүй байхад юунд анхаарах хэрэгтэй юм бэ?
-Гамшиг тохиолдох үед хүмүүсийн сэтгэл хөдлөл маш их нэмэгддэг. Улмаар сэтгэн бодох чадвар алдагддаг юм. Айдас, түгшүүрт автаж, сандарч, уур бухимдалд автах үед харуусал, уй гашуу зэрэг мэдрэмж их давамгайлж бодлогогүй үйлдэл хийж эхэлдэг. Хэн нэгэнд бухимдсан уураа бусдад илэрхийлэх, дайрч давшлах, доромжлох байдал цахим сүлжээнд их гарах боллоо. Дэлгүүрийн лангуу хоосорлоо, өвчний тархалт нэмэгдлээ зэргээр ташаа мэдээлэл тарааж, бодлогогүй үйлдэл гаргасны цаад шалтгаан нь сэтгэл хөдлөлтэй холбоотой. Сэтгэл хөдлөлд автаад ирэхээр олон хүн бодлогогүй үйлдэл хийж эхэлдэг.
Тиймээс юун түрүүнд гүнзгий амьсгаа авч тайвшрах хэрэгтэй. Амьсгалын дасгал хийх үед тархин дахь хүчилтөрөгч нэмэгдүүлэхээс гадна айж сандрахгүй байхад тусалдаг. Мөн сэтгэл хөдлөлийг таньж мэдэх шардлагатай. Ингэхдээ би айж сандарч, бухимдаж байна уу, итгэл найдвараа алдаж байгаа эсэх гэх мэтээр сэтгэл хөдлөлөө таньж мэдэх хэрэгтэй. Гуравдугаарт, сэтгэл хөдлөлөө удирдах, зөвөөр илэрхийлэн гаргах нь чухал. Үүний тулд ойр дотнынхоо хэн нэгэнтэй тухайн мэдрэмжээ хуваалцах эсвэл цаасан дээр бичих хэрэгтэй. Учир нь хүн өөрийнхөө мэдрэмжийг байгаагаар нь хүлээн авч илэрхийлснээр тайвширдаг. Түүнээс биш мэдрэмжээ гаргаж байна гээд цахим сүлжээнд хэн нэгнийг буруутгах нь сөрөг үр дагаварт хүргэж байдаг.
-Сэтгэл санаа хямарсан үед хэн нэгэнтэй ярилцмаар санагддаг. Гэтэл ихэнх нь зөвлөгөө өгч шийдвэр гаргахад нь нөлөөлөөд байдаг шүү дээ. Ер нь энгийн хүмүүс бие биедээ зөвлөгөө өгөх нь сэтгэл санааг нь дэмжиж ойлгож байгаа нэг хэлбэр мөн үү?
-Гамшиг эсвэл ямар нэгэн зүйл тулгамдсан үед уур бухимдлаа илэрхийлж гаргах мэдрэмж давамгайлж улмаар хэн нэгэн рүү дайрч давшилдаг. Гэтэл уур бухимдал тухайн хүнд төрж байгаа гол мэдрэмж нь биш. Үүний цаана уй гашуу, гуниг гутрал гэсэн мэдрэмж бий. Тиймээс үндсэн мэдрэмжээ олж илэрхийлэх нь чухал. Хамгийн гол нь хүн тайвширсны дараа сэтгэн бодох мэдрэмж нэмэгддэг учраас ухаантай үйлдэл хийж эхэлдэг. Энэ үед биднийг хамгийн их дэмжих хүн нь гэр бүл. Гэр бүлийн гишүүд бие биенийхээ сэтгэл санааны байдлыг сонсож байх хэрэгтэй. Бие биедээ зөвлөгөө өгөх тохиолдол олон харагддаг. Энэ нь тухайн хүний сэтгэл санааг сонсож байгаа хэлбэр биш.
-Сэтгэл гутралд орсон үед юу хийх хэрэгтэй вэ?
-Сэтгэл санаа хямрах, таагүй болох үед хүний итгэл алдарч хэн нэгнээс хамааралтай болдог. Тиймээс өөртөө итгэх итгэл найдварыг төрүүлэх нь хамгийн чухал. Хүн хэт их айж сандрах үед тархинаас стрессын даавар ялгарч улмаар дархлаа мууддаг. Тиймээс стрессээ гаргаж байх нь маш чухал. Сэтгэл гутралыг гаргадаг гол зүйл нь дасгал хөдөлгөөн гэж үздэг. Учир нь тархинд аз жаргалын даавар ялгаруулдаг учраас тайван, өөдрөг, өөртөө итгэлтэй байхад нөлөөлдөг юм. Фитнесс хаагдсан гэртээ яаж дасгал хийх юм бэ гэж магадгүй. Гэтэл энэ нь зүгээр л шалтаг. Уг нь өндөр давхарт байдаг бол шатаар дээш доош алхах, иогийн дасгал хийх зэргээр ямар нэгэн байдлаар байнгын хөдөлгөөнтэй байх нь сэтгэл тайван байлгахад тусалдаг. Мөн витамин D-ийн дутагдал нь сэтгэл санааг хямраах гол зүйл гэж үздэг учир эмчийн заавраар витамин уух, өрөөгөө гэрэлтэй байлгах, агаарт гарах нь чухал. Хэрэв үнэхээр тайвширч чадахгүй бол витамины комплекс хэрэглэж болно.
-Аливаа мэдээллийг дэвэргэж ярих, цааш нь дамжуулж сенсаацлах нь нийгмийг улам айдаст автуулж байна. Хүн аливаа мэдээлэлд сэтгэл санаагаа хэрхэн бэлдэх хэрэгтэй вэ?
-Тархи мэдээллийг хүлээн авахдаа харах, сонсох зэргээр мэдрэхүйн эрхтэнээр дамжуулан хүлээн авдаг. Харсан, сонссон зүйл нь тархинд шууд очдог учраас сэтгэл хөдлөл дагуулах улмаар өөрийгөө хянаж чадахаа больж бодлогогүй үйлдэл хийхэд хүргэдэг. Тиймээс аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандах хэрэгтэй. Мөн аль болох дэлгэцийн хэрэглээг багасгах шаардлагатай байна. Хэт их мэдээ мэдээлэл цахим сүлжээгээр дамжуулан авахаар хүмүүс айдас түгшүүрээ давж чадахгүй байхад нөлөөлж байна.
-0-5 настай эхчүүдэд цалинтай чөлөө олгохыг уриалаад байгаа. Гэртээ байгаа ээжүүдэд гэр бүлээ эрсдэлээс урьдчлан сэргийлэхийн тулд юуг зөвлөх вэ?
-Дээр дурдсанчлан сэтгэл санааныхаа байдлаа бусдадаа сайн хуваалцах хэрэгтэй. Сэтгэл санаагаа хуваалцаж чадахгүй болон чадаагүйн улмаас хүн маш их ганцаарддаг. Мөн ээжүүд хүүхдээ гээд өөрийгөө умартдаг учраас өөртөө анхаарал хандуулах нь чухал. Тиймээс эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, гэртээ ямар дадал хэвшүүлэх талаар гэр бүлийн хүнтэйгээ сайн ярилцах хэрэгтэй.
-Сүүлийн үед залуусын дунд амиа хорлох асуудал цөөнгүй гарч байна. Өсвөр үеийнхний хувьд сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулж сурах вэ?
-Амиа хорлоход хүргэдэг гол шалтгааны нэг нь сэтгэл гутрал. Энэ нь олон шалтгаантай. Жишээлбэл, ойр дотнын хүн нь амиа алдах, өр зээлэнд орох, бүтэлгүй хайр мэт. Сэтгэл гутрал шууд бий болдоггүй. Стресс, уур бухимдал, сэтгэл гутрал хуримтлагдсаар өөр гарц, итгэл найдвар байхгүй мэт санагдах нь амиа хорлоход хүргэдэг. Хамгийн гол нь шинж тэмдгийг сайн анзаарах хэрэгтэй. Тухайлбал, амьдрал ямар ч утга учиргүй болох, нойргүйдэх, бусдаас өөрийгөө тусгаарлах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд зайлшгүй сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.
-Сэтгэл гутрал хэр удаан хугацаанд үргэлжилж болох бол?
-Тухайн хүнээсээ шалтгаална. Дээрх тохиолдлын хувьд ийм шинж тэмдэгтэй хоёр долоо хоног явсан бол зайлшгүй мэргэжлийн хүнд хандах нь чухал. Мөн удаан хугацаагаар гунигладаг хүн олон бий. Амьдралын ямар нэгэн гамшиг, хэцүү үйл явдал тохиолдох үед улам л сэтгэл санаагаар унадаг. Түүнчлэн аливаа үйл явдал, гамшгийн үед сэтгэлзүйн асуудал нь сэдэрдэг. Халдварт өвчин сэтгэл санаанд нөлөөлж байна гэж байгаа ч энэ нь суурь түгшүүр, стресстэй хүмүүст илүү их нөлөөлж байна. Тиймээс сэтгэлзүйгээ эрүүл байлгах тал дээр маш их анхаарах хэрэгтэй.
-Ихэвчлэн ямар зан ааштай хүн өртөж байна вэ?
-Суурийг нь харвал гэр бүлийн асуудалтай эсвэл бага насандаа ойр дотнынхоо хэн нэгэн хүнийг алдсан, хүчирхийлэлд өртөж байсан зэрэг хүмүүс өсвөр нас болон насанд хүрсэн хойноо хямралд орох магадлал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, бага насандаа авсан цочрол нь өсвөр насандаа цочирдог гэж ойлгож болно. Ер нь бүх төрлийн сэтгэцийн эмгэгүүд өсвөр насанд илүү илэрдэг.
-Хаврын улиралд хүмүүс их ядарч, сульддаг. Ганцаардаж эсвэл догдлоод байна гэдэг. Үүнийгээ улиралтай холбон тайлбарладаг шүү дээ. Үнэхээр улирлаас хамааран хүний биед янз бүрийн өөрчлөлт гарах нь хэвийн зүйл үү?
-Улирал солигдож байгаатай холбоотой байж болно. Учир нь Монголын өвлийн улирал маш удаан үргэлжилдэг шүү дээ. Өвлийн улирал удаан хугацаанд үргэлжилсэнтэй холбогдуулан витамин D-ийн дутагдлаас болж байна уу гэдэг нь хүн хүнд өөр. Мөн улирлын сэтгэл санааны эмгэг гэж бий. Ямар нэгэн улирал болохоор сэтгэл санаа нь хямардаг зүйл байдаг. Хэрэв аль нэг улиралд хоёр жилийн хугацаанд давтамжтайгаар сэтгэл санаагаар унаж, хямраад байвал сэтгэлзүйчид хандах заалт байдаг.
-Улирлын эмгэг хэрхэн бий болдог юм бэ. Түүнээс сэргийлэх арга бий юү?
-Тодорхой хэмжээгээр удамшиж болно. Мөн орчны нөлөө хамгийн чухал гэж үздэг. Хэдий ген байсан ч хүний тархины 70 орчим хувь нь төрсний дараа хөгждөг гэж үздэг учраас орчин чухал. Учир нь гэр бүлийн харилцаанд тухайн хүний тархи хөгжиж байдаг. Энэ үед авсан сэтгэлзүйн хямрал, цочрол нь сэтгэцийн эрүүл мэндэд чухал нөлөөлдөг хүчин зүйл юм.
Б.Лхам
24tsag.mn