Хар тамхины хэрэгт БҮХ НАСААР нь хорих ял онооно
Төрийн ордонд болсон Ерөнхий хяналтын сонсголд хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий олон талын төлөөлөл оролцож ажлаа тайлагнав. Гэсэн ч аюул нь өдөр хоногоор харанга дэлдэж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөөд удаж буй хар тамхитай тэмцэх дорвитой бодлого шийдвэр алга. Ядахнээ мансуурсан хүнийг эмчлэх эмнэлэг, тоног төхөөрөмж, мэргэшсэн эмч сувилагч байхгүй. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд гурван ширхэг ор л бий гэнэ. Гэтэл төрийн байгууллагад өнөөх л сургалт хийсэн, кабинет байгуулсан зэрэг хуурай тоон мэдээллээ ярьсаар байна. Үүнд ч сонсголд оролцогчид шүүмжлэлтэй хандаж байв. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “2017 онд Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр баталсан. Хуульзүй дотоод хэргийн яамны тайланг харлаа эмчлэгдсэн хүний тоо нэмэгдсэн зэргээр эерэг үр дүн гарах ёстой. Гэтэл хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгааг өнөөдрийн бүх илтгэл харуулж байна.
Өнгөрсөн жил 730 гаруй хүнийг шүүхийн шинжилгээний үндэсний төвд шинжлүүлсэн бол энэ оны эхний арван сарын байдлаар 1350 хүн болж нэг дахин өссөн. Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх явцад өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад зарим төрлийн сэтгэцэд нөлөөт бодис 3-11 дахин нэмэгджээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 30 ортой клиник үйлчилгээ үзүүлж байгаагийн 27-д нь наркологийн, гуравт нь сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэсэн хүмүүсийг эмчилнэ гэж байна. Жилд хэдэн мянган баригддаг билээ. Гэтэл гуравхан ортой гээд сууж болохгүй. Хэчнээн хүмүүсийн үр хүүхэд, гэр бүл энэ тахалаас болж уй гашуй, зовлон тохиож байгаа билээ. Ядаж улсын хэмжээнд нэг ширхэг мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал бүхий этгээдийг эмчилдэг эмнэлэг байгуулах ёстой” гэсэн юм.
2019 оны эхний есөн сарын байдлаар 169 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 30 хувиар өссөн. Холбогдогчдын 80 хувь нь 18-35 насныхан байгаа аж. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 2018 онд 256 байсан бол энэ онд 309 болж 20.7 хувиар өсчээ.Үндэсний хэмжээний судалгаагаар хар тамхи өсвөр үеийг бүрхсэн байна гэсэн ноцтой дүгнэлт гарсан гэдгийг ч албаныхан хэллээ. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд ялын бодлогыг чангатгахаас гадна эмнэлэг байгуулах шаардлагатай байгаа юм.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Хар тамхитай холбоотой хэрэгт бүх насаар нь хорих заалт оруулна
-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хар тамхитай холбоотой хэрэгт 12-20 жилийн ялтай байх. Бүх насаар нь шийтгэх хуулийн санкцийг шинээр оруулж ирсэн. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд зөвхөн ялыг хүндрүүлээд шийдэх биш олон талаас нь ярьж байна. Хор хөнөөлийг таниулах ажилд онцгойлон анхаарах ёстой. 1999 онд 1000 хүнээс шинжилгээ авахад арав гаруй хүнээс илэрдэг байсан бол ганцхан шөнийн цэнгээний газарт 20-30-аараа мансуурчихаад сууж байна. Үндэсний хэмжээний судалгаагаар хар тамхи өсвөр үеийг бүрхсэн байна гэсэн ноцтой дүгнэлт гарсан. Ялангуяа, дунд сургуулийн сурагчид энэ төрлийн бодисыг маш их хэрэглэж байна. Эмийн сангуудаар хяналтгүй зарж байгаа мансууруулах үйлчилгээтэй эм, хар тамхины ургамал тарьдаг бүлэглэл бий болсон байна. Гэтэл энэ аюултай тэмцэх талаар сонсгол зохион байгуулья гэхэд мэргэжлийн холбоод, ТББ, иргэдээс ажиглагч хийе гэсэн хүсэлт ирээгүй. Олон нийтийн идэвхи оролцоо ийм л сул байна. Албадан эмчилгээний хууль батлагдсан ч тоног төхөөрөмж материаллаг бааз дутагдалтай. Мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсийг эмчлэх эмнэлгийг яаралтай байгуулах шаардлагатай. Албадан эмчилгээ хийлгэх байргүй, эмч мэргэжилтэн дутмаг, материаллаг баазгүй гээд олон хүндрэл бэрхшээл тулгарч байгаа
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд: Хурааж авсан бодисын тоо 3-8 дахин өссөн
-Хар тамхи татсан иргэдийг нийгэмшүүлэх, эмчлэх, татгалзуулахаас гадна урьдчилан сэргийлэх ажлыг цогцоор нь шаардлагатай байна. Ялангуяа, хар тамхи мансууруулах бодистой холбоотой сургалтаа төрийн байгууллагууд цэгцлэх ёстой. Мэдээллээ нэгдсэн стандартад оруулахгүйгээс хяналтгүй буруу хийх юм бол урьдчилан сэргийлэх нэрээр хар тамхи хэрэглэх сэдэл сурталчилгаа өгөх эрсдэлтэй. Хар тамхитай тэмцэх ажилд төрийн байгууллага, олон нийтийн оролцоо, ТББ гээд бүгдийнх нь хамтын ажиллагаа, оролцоо чухал гэдэг нь харагдаж байна.
Монгол Улс каннабисын зэрлэг ургамлын тархацтай. Үүнд хяналт тавих ажлыг цагдаагийн байгууллага тасралтгүй зохион байгуулж байна. Мансууруулах бодис хууль бусаар нийлүүлдэг, борлуулдаг, хэрэглэдэг, хадгалдаг асуудалтай тасралтгүй эрчимтэй тэмцэж байна. 2019 онд илрүүлсэн хэргийн тоо нэмэгдэж, хурааж авсан бодисын тоо 3-8 дахин өссөн. Цаашид ч хяналт шалгалт, мөрдөн байцаалтын ажиллагааг үр дүнтэй хийх болно.
Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэг өсч байгаа нь хоёр талтай. Нэгдүгээрт, нууц далд аргаар үйлдэгддэг учраас 90-95 хувийг тагнуул, цагдаагийн байгууллага мөрдөн шалгах нууц ажиллагааны үндсэн дээр илрүүлж байна. 5-10 хувийг сэжигтэй байр байгууламж, этгээд рүү чиглэсэн хяналт шалгалтын хүрээнд илрүүлдэг. Нөгөө талаас хэрэг илрэхийн хэрээр мансууруулах бодисын хэрэглээ тэр хэмжээгээр өндөр байгааг харуулж байна. Мансууруулах бодисын хэрэглээ хууль бус эргэлттэй холбоотой хэрэгт дүн шинжилгээ тандалт судалгааг байнга хийдэг. Үүнд үндэслэж сэжигтэй этгээд, обьектууд руу чиглэдэг. Энэ хүрээнд харахад урьд өмнө нь ямар нэг хэрэг хийсэн хүмүүс мансууруулах бодисын гэмт хэрэгт холбогдох нь түгээмэл байна.
Нийслэлийн прокурорын газрын ахлах прокурор Т.Батболд: Сургалтын нэг стандарт хөтөлбөртэй болох шаардлагатай
-Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан хүний тоо өмнөх оноос 22 хувиар өссөн. 2015 оны Эрүүгийн хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг 2-8 жил болгон хөнгөрүүлж хуульчилсныг гэмт хэргийн өсөлттэй уялдуулж эргэж харах зайлшгүй шаардлага тулгарч байна. Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтын материалыг төрийн байгууллагуудаас нэгтгэн бэлтгэж улсын хэмжээнд сургалтын нэг стандарт хөтөлбөр бий болгох шаардлагатай. Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудад сургалт явуулах сургагч багш, нийгмийн ажилтан, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, хил гаалийн хяналт техник хэрэгслийн сайжруулах хэрэгтэй.
ШЕЗ-ийн Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн референт Э.Ганцэцэг: 13 иргэнийг өршөөлд хамруулсан
-Сүүлийн гурван жилийн байдлаар хорих ял шийтгүүлсэн хүнээс 65 хувьд нь ялыг эдлүүлж, 25 хувьд нь тэнсэж, 4.7 хувьд нь шүүхийн тогтоолыг хойшлуулж, 4.4 хувь буюу 13 иргэнийг өршөөлд хамруулсан байна. Мөн ял шийтгүүлсэн иргэдийн дунд төрийн тусгай болон үйлчилгээний албан хаагч, сурагчид цөөнгүй бий. Давж заалдах шатны шүүхээр энэ оны гуравдугаар улиралд 48.2 хувьд нь өөрчлөлт оруулж хүчингүй болгожээ. Сүүлийн гурван жилд энэ төрлийн гэмт хэргийн тоо өсөлттэй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин