Ерөнхий сайд ОХУ-д айлчилна
Япон улсыг зорьсон Ерөнхий сайдыг эх орондоо ирж амжаагүй байхад дараагийн айлчлалын сураг дуулдаж эхлэв. Тэрээр ирэх сард ОХУ-д айлчлахаар төлөвлөжээ.
Хойд хөршид айлчлах шаардлага, ойрын үед хэлэлцэх, тохирох асуудал Засгийн газрын тэргүүнд одоогоор байхгүй ч бэлтгэл ажлыг хангахаар Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг энэ сарын 21-нд хойд хөршийг зорьжээ. Тэрээр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Могуловтой уулзахдаа улс төр, эдийн засаг, олон талт хамтын ажиллагаа, өндөр, дээд хэмжээний айлчлалын агуулга хэлбэр, байгуулах баримт бичгийн талаар санал солилцжээ. Хойд хөршийн хувьд өмнө нь манай Ерөнхий сайдыг хүлээж авалгүй буцааж байсан удаатай. Тухайлбал, 2018 оны тавдугаар сард “хүлээж авах бэлтгэл хангагдаагүй” гэсэн үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалыг хойшлуулж байв. Ингэснээр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцох байсан арга хэмжээ нь ч цуцлагдаж байв. Энэ удаа “Саарал жагсаалт”-д орсон улсын Засгийн газрын тэргүүнтэй баримт бичиг байгуулах нь бараг л боломжгүй зүйл. Тиймээс энэ удаагийн айлчлал ямар хариу дуулгах нь мөн л эргэлзээтэй юм.