ОУПХ-ны зочид, төлөөлөгчид “Бэсрэг наадам” үзэж сонирхлоо
Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцож буй зочид, төлөөлөгчид Бэсрэг наадам үзэж сонирхлоо. Бэсрэг наадамд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, НББСШУ-ны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Пүрэвдорж, О.Содбилэг нар оролцож зочид төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлсэн юм.
Үндэсний урлагийн театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ баяр наадмын тоглолтыг толилууллаа. Уран нугаралт, “Морьтон” үзүүлбэр, цамын бүжиг зэрэг нь зочдын анхаарлыг татаж байлаа. Мал сүрэг нь бэлчсэн, үзэсгэлэнт тал нутагт гайхамшигт урлагийн тоглолт үзэж байгаадаа сэтгэл их хөдөлж байна хэмээн зочид сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
Бэсрэг наадмын хүчит бөхийн барилдаанд 32 бөх зодоглож, аймгийн начин Д.Төрбат түрүүлж, сумын заан Ц.Төмөрцоож үзүүрлэлээ. Үзүүр, түрүүний бөхийн шагнал болон хурдан морьдын уралдаанд түрүүлж, аман хүзүүдсэн морьдыг байлж УИХ-ын дарга Г.Занданшатар болон ОУПХ-ны ерөнхийлөгч Габриэла Куэвас нар шагналыг гардууллаа. Үүний дараа УИХ-ын дарга, зочид, төлөөлөгчдийн хамт сурын талбайд очиж сум тавьсан юм
.
Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы эхний өдрийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Маргааш /2019.05.28/ өглөө чуулган “Уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургамж” сэдэвт салбар хуралдаанаар үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.