Хурандаа П.Батааг өөр ажилд томилж хариуцлага тооцно гэв үү?
Монголын ард түмэн хайртай хүүгээ өнөө өглөө сүүлчийн замд нь үдлээ. Харамсалтай нь, Төрийн ордонд насан эцэслэсэн түүний үхлийн шалтгаан одоог хүртэл тодорхой болоогүй л байна. Улстөрчид ярианы сэдэв болгож, УИХ-ын хэд хэдэн гишүүн энэ талаар мэдэгдэл хийж байгааг л бид харлаа. Харин бодит байдал дээр юу болсныг, талийгаач хэрхэн амиа алдсаныг хэн ч мэдэхгүй байна. Угтаа бол энэ асуултад тодорхой хариулт өгөх ёстой, хуулиар хүлээсэн үүрэгтэй хүн нь Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа П.Батаа юм. Учир нь, Төрийн ордон бол төрийн тусгай хамгаалалттай газар. Тэнд хүн эндэх нь битгий хэл, бэртэх ч ёсгүй онцгой объект. Гэтэл эрдэнэт хүний амь эрсдээд зогсохгүй, үхлийн шалтгаан нь тодрохгүй байгаа нь хэний хариуцлагагүйнх вэ?
Ерөнхийлөгч Х.Баттулга ч энэ асуудлыг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хөндөж, үг хэлэхдээ онцгойлон дурдсан. Тэрээр “Наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ” гэж хэлсэн юм. Харин энэ бүх хариуцлагыг үүрэх учиртай Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл мөн л өчигдөр тархсан ч үнэндээ өөр ажилд шилжүүлэн томилж магадгүй яриа Төрийн ордноос чих дэлслээ. Яг л Засгийн газраас Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Занданбатыг хууль зөрчсөн гэж хариуцлага тооцон ажлаас нь чөлөөлөхөд, УИХ-аас Үндэсний аудитын газрын даргаар дэвшүүлэн томилдог шиг болох гэж байгаа сураг сонсогдох юм. Үнэхээр тийм бол энэ улсад “хууль, хариуцлага” гэдэг хоёр үгийг төртэй холбоотой бүх зүйлээс хасчих хэрэгтэй биз.
Магадгүй шүүх шинжилгээний газрын дүгнэлт эцэслэн гараагүй байгаа энэ үед хэн нэгнийг буруутгах нь өрөөсгөл байж болох ч П.Батаа даргын хувьд асуудал өөрөөр яригдах учиртай. Түүнийг энэхүү нэн хариуцлагатай албыг хүлээж авснаас нь хойш Төрийн ордонд ноцтой хэрэг гарсан хоёр дахь тохиолдол нь энэ юм. Санаж байвал М.Энхболдыг УИХ-ын дарга байхад өрөөнд нь жагсагчид халдах гэсэн тохиолдол гарсан. Гэвч төрийн онцгой хамгаалалтад байдаг гуравхан хүний нэг рүү гудамжинд жагсч байсан хүн орж ирээд халдах оролдлого гарахад ч П.Батаа дарга хариуцлагаас мултарч үлдсэн байдаг. Хэрэв тухайн үед энэ албанд хариуцлага гэж байдгийг сануулаад, эсвэл ажлыг нь чанаржуулсан бол өнөөдөр монголчууд хайртай хүүгээ, Монголын төр чадварлаг зүтгэлтнээ алдаа ч уу, үгүй ч үү.
Төр, төрийн “хар хайрцаг”-ийг тээж явдаг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвын нэгэн рүү халдах гэж оролдоод байхад хариуцлагаас мултарч үлдэж чадсан П.Батаа хурандаагийн тухай янз бүрийн л мэдээлэл сонсогдох юм билээ. Цагдаагийн байгууллагын ажилтантай холбоотой “нэгэн хэрэг”-ийн тухай яриа хааяа гардаг бол өөрөө Төрийн гурван өндөрлөгийн нэгэнтэй их ойр гэж яриа гаргадаг талаар нь ч ойр хавийнхан нь хэлэх юм билээ. Тэглээ гээд төрийн нэн хариуцлагатай албанд тэнцэхгүй л бол хэний ч ойрын хүн байлаа гээд хадаатай юм шиг байлгаад байж болохгүй байх.
Ямар боловч энэ бүхнийг анхааралтай харж л байя. Үнэхээр Төрийн ордноор нисч буй “бор шувуу”-нуудын үнэн бөгөөд П.Батаа хурандаа хариуцлага хүлээсэн болоод өөр ажилд шилжих нь үү, үнэхээр хариуцлага тооцогдоод чөлөөлөгдөх нь үү гэдэг нь тун удахгүй тодрох биз ээ.
Эх сурвалж "Eagle.mn"