УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ АХМАДЫН СУВИЛАЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

Нийтэлсэн: Админ 2019-01-16 2:46:50

УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ АХМАДЫН СУВИЛАЛ АШИГЛАЛТАД ОРЛОО


Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цолмонгийн санаачлагаар үүсгэн байгуулсан “Цолмон” сангаас Сонгинохайрхан дүүргийн VIII, IX, XXV хорооны 2500 орчим ахмадад зориулан уламжлалт эмчилгээний сувиллын байрыг засаж, тохижуулан  ашиглалтад орууллаа. 

Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Б.Ундармаа, Хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөр хариуцсан орлогч дарга Л.Оргил болон дээрх гурван хороонд амьдарч буй ахмадын төлөөлөл оролцсон юм.

 “Цолмон” сангийн дэргэдэх энэхүү уламжлалт эмчилгээний сувилал нь ахмадуудад зориулсан олон төрлийн үйлчилгээ үзүүлэх юм байна. Тодруулбал, ардын эмчилгээ, оношлогоо, хаш чулуун орны физик эмчилгээг  үнэ төлбөргүй хийх аж.

Тус сангаас зөвхөн ахмадуудад төдийгүй Сонгинохайрхан дүүргийн VIII, IX, XXV хорооны хүүхэд багачууд руу чиглэсэн томоохон ажлуудыг хэрэгжүүлж байгааг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон яриандаа онцлов. Тухайлбал "Монголын оюун ухааны академи"-тай хамтран улсын дөрвөн цэцэрлэг, гурван сургуульд хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх хөтөлбөрийг 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлж байгаа аж. Цаашид эл үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр төлөвлөжээ.