Улаанбаатарын утаа бол улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн хамтын бүтээл юм
-Утааны сонсголыг Б.Энхбаяр шиг удирдахгүй бол “утаа” болоод л замхарна-
Улаанбаатарын утаагаар УИХ сонсгол хийнэ. Тийм эрх зүйн үндэслэл бүрдсэн. Улаанбаатарын утааны сонсголыг зохион байгуулах талаар иргэн Б.Мөнгөнхишиг нийтийн өргөдлийн “Д-Өргөдөл” цахим системд 2024 оны арваннэгдүгээр сарын 25-нд өргөдөл санаачилж, иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Дэмжиж санал өгсөн иргэдийн тоо энэ сарын 6 гэхэд 70 мянга давсан. Тиймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улаанбаатарын утааны сонсголыг зохион байгуулах ажлыг БОХААБХ-нд даалгасан. Энэ дагуу “...Сонсголыг хэн удирдаж, ямар чиг баримжаатай хийх вэ” гэдгийг маргаашийн БОХАА-н Байнгын хороогоор ярьж эхлэх төлөвтэй байна. Түүгээр сонсголын товыг тогтооно. Тэгэхээр тус сонсгол болох нь нэгэнт тодорхой болсон гэсэн үг. Харин сонсголыг хэн даргалах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Ер нь бол “…Сонсгол хэн даргалж, зохион байгуулж байна вэ” гэдэг хамгийн чухал юм. Өмнөх УИХ-ын үед Хөгжлийн банкны зээл хуй, нүүрсний хулгай, ногоон автобусны асуудлаар сонсголуудыг зохион байгуулж байв. Эднээс “…Хөгжлийн банк, нүүрсний хулгайн сонсголууд үр дүнтэй болсон” гэж үздэг. Хэдийгээр хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн баримт нотолгоонуудын дагуу эцсийн буруутнууд төгс тогтоогдоогүй ч сонсгол нь тэднийг илрүүлж, олон нийтийн анхааралд аваачиж чадсан. Хөгжлийн банкны зээлүүд, нүүрс тойрсон асуудлуудад хулгай нүүрлэсэн нь тодорхой болсон. Сонсголын зорилго нь ч энэ юм. Эдгээр “…Үр дүнд хүрсэн” гээд байгаа сонсголуудыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр удирдаж зохион байгуулсан байдаг. Тэр утгаараа одоо энэ Улаанбаатарын утааны сонсголыг ч Б.Энхбаяраар, тэр болохгүй бол Б.Энхбаяр шиг зохион байгуулах хэрэгтэй юм.
Учир нь Улаанбаатарын утааны сонсголоор хоёр том асуудал ил болох учиртай.
Нэгдүгээрт, өнгөрсөн жилүүдэд Улаанбаатарын утааны эсрэг зарцуулагдсан төсөв хөрөнгийн зарцуулалтыг ил болгох ёстой.
Хоёрдугаарт, тэр их төсөв мөнгийг зарцуулчихаад өнөөдөр ийм байдалд хүрсэн утааны эсрэг үйлчлүүлж байгаа сайжруулсан шахмал түлш, утаагүй зуух зэрэг “хэрэгсэл”-үүдийн чанарыг тогтоох хэрэгтэй.
Ерөнхийдөө утаагаа энэ хоёр талаас нь ил тод “сонсож” чадвал гарцаа хайхад том алхам болно.
Гэхдээ Улаанбаатарын утааны сонсгол бараг л нүүрсний хулгайнхтай ижилхэн хүндрэлүүдтэй тулна. Учир нь Улаанбаатарын утаа бол улс төр, бизнесийнхний хамтарсан бүтээл юм. Үе үеийн тийм бүлэглэлийн эрх ашгийг хөндөнө гэсэн үг. Тэр утгаараа, тэд аюултай. Сонсголд саад болох, олны анхаарлыг өөр зүйлд хандуулахыг оролдоно. Наанадаж ингэнэ шүү.
Яагаад гэвэл, өнгөрсөн жилүүдэд Улаанбаатарын утааны эсрэг зарцуулсан гадаад, дотоодын төсөв, төслийн тоо гэхэд аманд багтахааргүй том дүнтэй. Түүний зарцуулалттай холбоотой бага сага мэдээлэл өнгөрсөн жил нүүрсний хулгайн сонсголоор ч яригдаж байсан.
Тухайлбал, тэр сонсголын үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн санхүүжилттэй холбоотой шинжээчийн дүгнэлтэд “…Тус компанийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой”, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг ТӨБЗГ эзэмшдэг. 2023 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 997.2 тэрбум төгрөгийн өртэй, 583.9 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Тус компанид “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 15 гэрээний хүрээнд 1.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгосон.
Энэ мөнгөөр ҮАБЗ-ийн 2017 оны агаарын бохирдлын бууруулах зөвлөмж, ТЕГ-ын албан бичиг, ЗГХЭГ-ын 2019 оны албан бичгийг үндэслэн 2019-2022 онд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх тоног төхөөрөмж, бусад бараа ажил үйлчилгээг нууцын зэрэгт хамруулж, шууд худалдан авалтуудыг хийсэн. ТУЗ-ийн гишүүд нь ингэж их хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа компаниас цалин, бусад зардалд их хэмжээний урамшуулал авдаг байсан. ТУЗ-ийн үйл ажиллагаанд 1.1 тэрбум төгрөгийн зардал гаргасан” гэсэн байдаг.
Мөн тус сонсголын үеэр “…“Тавантолгой түлш” ХХК-ийн санхүүтэй холбоотой зарим баримт материал устаж, алга болсон”, “… “Тавантолгой түлш” ХХК-иас “Зерован” компани руу найман удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөг шилжүүлсэн. Тус компанийн захирал бэлэн мөнгөөр зарлагадаж, “Тавантолгой түлш” ХХК-иас ерөнхий нягтлан бодогч П.Амарцэцэгийн нөхөр Ө.Ууганбаярын Төрийн банкны хадгаламжийн данс руу шижлүүлсэн”, “Тус компанийн ТУЗ*ийн гишүүн Л.Одхүүгийн хамаарал бүхий “CBM Хангай” компани 19.6 тэрбум төгрөгөөр шуудай нийлүүлсэн” зэрэг ноцтой фактууд яригдаж байв.
Түүнчлэн 2024 оны есдүгээр сарын 2-нд Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Улсын ерөнхий аудитор Д.Загджав “…Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг санхүүжүүлэхийн тулд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 1.1 их наяд төгрөгийн татаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг гэмт хэргийн шинжтэй гэж үзээд прокурорын байгууллагад шилжүүлсэн” гэж ярьсан. Энэ талаар лавласан Байнгын хорооны даргад тодруулж хэлэхдээ “…Энэ 1.1 их наяд төгрөг аудитын тайланд туссан. Гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн. Иймд Ерөнхий аудиторын хувьд прокурорын байгууллагад шилжүүлсэн” хэмээн давтаж байсан юм.
Энэ мэт хэдэн жилийн өмнөхөөс гадна хууль хяналтын байгууллагуудын саяхны хяналт шалгалт, мөрдөн байцаалтын үр дүн Улаанбаатарын утааны сонсголоор яригдана.
АТГ-ынхан энэ оны эхээр, хоёрдугаар сард “…“Тавантолгой түлш” ХХК-ийн 2019-2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийг судлан үзэж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэхээр тогтлоо” гэж мэдээлж байв. Түүнээс хойш арван сар өнгөрсөн байна.
БОУАӨЯ-наас Салбарын хяналтын газар, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран “Тавантолгой түлш” ХХК-ийн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Тэд “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэр, Баруун бүсийн үйлдвэр, Төвийн бүсийн үйлдвэрүүдийн шахмал түлшний түүхий эдүүдээс дээж авч, нүүрсний завсрын бүтээгдэхүүн буюу мидлинг, орчмын агаар, хөрсийг дээжийг тус тус авч холбогдох лабораториудад хүргүүлсэн. Бас “Тавантолгой түлш” ХХК-ийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлээгүй, дотоод хяналтын лабораторийн үйл ажиллагаанд химийн бодис зөвшөөрөлгүй ашиглаж байсан зэргийг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанд шилжүүлсэн юм. Эдгээр шинжилгээ, шалгалтын дүнг холбогдох байгууллагууд танилцуулна. Энэ мэтчилэн утаатай холбоотой олон талын мөн ч олон мэдээ факт яригдана даа. Яагаад гэхээр, Улаанбаатар хот утаатай байх нь улс төр, бизнесийн бүлэглэлүүдэд л ашигтай байсаар ирсэнтэй холбоотой юм. Тэд утаагаар мөнгө хийж, ашиг олдог. Хамгийн гунигтай нь, тэрхүү “...Утаагүй зуух”, “...Сайжруулсан шахмал түлш” гэх мэт гоё нэртэй олон арван тэрбумын бизнес нь олон жил үргэлжилсэн. Үр дүнг нь бид өнөөдөр хоолойгоо хорстол, уушгиа уухилтал үзэж сууна шүү дээ. Гэтэл “...Янданг байхгүй болгож байж л утаа алга болно” гэдэг ганцхан гарцтай. Мэргэжлийнхэн үүнийг хоолойгоо сөөтөл хэлсэн. Хэн ч тоодоггүй. Зуухаа, түлшээр шахсаар л ирсэн юм. Тэр хэрээр утаа ч улам өтгөрч, хоруу чанар нь нэмэгдсэн дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД