"БӨРТЭ ЧОНО-2018" НААДАМД НЭР ДЭВШИГЧИД ТОДОРЛОО

Нийтэлсэн: Админ 2018-12-17 6:37:35

“БӨРТЭ ЧОНО-2018” НААДАМД НЭР ДЭВШИГЧИД ТОДОРЛОО

 

Монголын Үндэсний Олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2018” ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 21-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна.  Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулах энэхүү ёслолын “Оны шилдэг тамирчин”, “Спорт тоглоомын баг”-ийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай билээ.

Тус наадмын оны шилдэг эрэгтэй тамирчинд Чөлөөт бөхийн Азийн наадмын аварга Эрдэнэ-Батын Бэхбаяр, Жүдо бөхийн ДАШТ-ний хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт Өлзийбаярын Дүүрэнбаяр, Жүдо бөхийн ДАШТ-ний хүрэл медальт, Азийн наадмын хүрэл медальт Лхагвасүрэнгийн Отгонбаатар, Даамын Азийн АШТ-ний мөнгөн медальт, ДАШТ-д оролцох эрхээ авсан Цэрэнбямбын Отгонбилэг, Чөлөөт бөхийн ДАШТ-ний хүрэл медальт Түмэнбилэгийн Түвшинтулга, Боксын Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар, Самбо бөхийн ДАШТ-ний хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт Шаалуугийн Эрдэнэбаатар нар дэвшиж байна.

Харин оны шилдэг эмэгтэй тамирчинд Шатарын Их мастерийн болзол хангасан Батцоожын Амина, Дэлхийн хоёр дахь өндөр уул К2-ыг эзэлсэн Бадамгаравын Гангаамаа, Буудлагын Азийн наадмын алт, хүрэл медальт Ганхуягийн Нандинзаяа, Боксын ДАШТ-ний хүрэл медальт Мягмардуламын Нандинцэцэг, Самбо бөхийн ДАШТ-ний хүрэл медальт, Азийн наадзмын аварга Ганбаатарын Наранцэцэг, Чөлөөт бөхийн ДАШТ-ний мөнгөн медальт Очирбатын Насанбурмаа, Жүдо бөхийн ДАШТ-ний хүрэл медальт, Азийн наадмын хүрэл медальт Доржсүрэнгийн Сумъяа, Жүдо бөхийн Азийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ний тавдугаар байрын шагналт Мөнхбатын Уранцэцэг, Шатарын Их мастерийн болзол хангасан Үүрцайхын Үүрийтуяа, Даамын Азийн АШТ-ний хүрэл медальт, ДАШТ-д оролцох эрхээ авсан Энхболдын Хүслэн, Чөлөөт бөхийн ДАШТ-ний хүрэл медальт, Азийн АШТ-ний хүрэл медальт Баатаржавын Шоовдор нар нэр дэвшиж байна.

Оны шилдэг спорт тоглоомын багт 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн амжилтаараа, Мөсний хоккейн шигшээ баг “Challenge cup” тэмцээнд анх удаа түрүүлсэн амжилтаараа, Хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг Зүүн Азийн АШТ-ний эхний шатанд аваргалж, хоёрдугаар шатанд шалгарсан амжилтаараа, Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг Зүүн Азийн АШТ-ний эхний шатанд аваргалж, хоёрдугаар шатанд шалгарсан амжилтаараа, Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Азийн наадмын шөвгийн наймд шалгарсан амжилтаараа тус тус нэр дэвшиж байна.

Санал хураалт өчигдөр буюу 16-ны  22.00 цагаас эхлэн нээгдсэнийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос мэдээллэж байна. 

Санал асуулгын шугам арванхоёрдугаар сарын 20-ны 23.59 цагт хаагдах юм байна.

 

Л.Сайнаа