Монгол Улс авлигын төсөөллийн индексээр таван байр ухарчээ
"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнжаргал "Манай улс эрэмбийн хувьд өнгөрсөн оныхоос таван байраар ухарсан байна. Ази номхон далайн бүс нутгийн дундаж оноо 45 бөгөөд 31 орон хамрагддаг. Манай улсын оноо нь бүс нутгийн дунджаас доогуур байгаа. Бүс нутгийн хувьд иргэдийн 68 хувь нь авлигын төсөөллийн индексийн 50 оноо буюу түүнээс доош түвшинд амьдарч байна. 50 оноог хангалтгүй гэж үздэг. 50-аас доош оноотой улс орнуудын авлигын оноо нь бага гэж үзэж болно. Зүүн европ буюу хуучнаар зөвлөлтийн холбоонд байсан бүрэлдэхүүн байсан улс орнуудын оноотой харьцуулахад манай улс хоёр оноогоор бага байгаа. Хойд болон өмнөд америк тивийн нийт хүн амынх нь 66 хувь нь 50 онооноос бага улс оронд, Сахар болон Африкийн улс орнуудын хүн амын 90 хувь нь 50 оноотой оронд амьдарч байна. 33 оноо гэдэг нь эдийн засаг улс төрийн хамаарлыг харуулахыг зорьсон. Өндөр орлоготой 53 улсын авлигын төсөөллийн индексийн оноо нь 65.Дундаас доогуур орлоготой 50 улсын авлигын төсөөллийн индексийн дундаж оноо нь 33 юм. Монгол Улсын авсан 33 оноо нь энэ ангилалд багтдаг" гэв.
Авлигын индексийг хэмжихдээ
-Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх
-Төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх
-Төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа эсэх
-Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх
-Авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль эрх зүйн орчин гэх мэтчилэн асуудлыг хамааруулдаг байна.
Түүнчлэн Э.Мөнжаргал “Иргэний мэдэх эрхийг хангахад ухарсан. УИХ-аас хууль тогтоомж зөрчиж, олон нийтийн хэлэлцүүлэггүй, судалгаагүй хууль баталсан зэрэг үзүүлэлтүүд сөрөг нөлөө үзүүлж байна. Байр ухарч байгаа нь бусад орны үзүүлэлтийн оноо манай улсын өмнө, хойно орсноос шалтгаалж байгаа. Түүнээс оноо бүхэл утгаар өөрчлөгдөөгүй. Байр ач холбогдолтой зүйл биш. Тиймээс манай улс оноогоо ахиулахад анхаарах хэрэгтэй. Мөн эрсдлийн үнэлгээнд бууралт ажиглагдаагүй. Харин ч ахиц гарлаа. Авлигын гэмт хэрэг илүү нарийн аргачлалтай болсоор байна. Авлигын гэмт хэргийг илрүүлэх арга бий болгохын тулд татварын орлого, зарлага тэнцүү байлгадаг тогтолцоо бүрдүүлэх ёстой" гэв.
ЭРСДЭЛ:
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Төмөрбаатарын БАТСАЙХАН