МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар парламентад суудалтай намууд зөвшилцөнө
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрээр "Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор гишүүдийн саналыг сонслоо. Сонгуулийнг холимог тогтолцоог иргэд ойлгож байгаа учир холимог тогтолцоогоор зохион байгуулах нь зүй гэж үзэж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн тоог 152 болгоно гэдгийг бууруулах тухай хэлэлцлээ. Мөн мажоритар тогтолцоогоор сонгох харьцаа их байх нь зөв гэх чиглэлээр ярилцлаа. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг парламентад суудалтай намууд зөвшилцөж, нэгдсэн ойлголтод хүрэх нь зөв гэж үзэж байна. Иймд бусад намуудтайгаа зөвшилцсөний үндсэн дээр МАН-ын бүлэг дахин хуралдахаар боллоо.
Мөн гишүүд тойрогтоо ажиллаж байх явцад иргэдийн зүгээс амьжиргааны хүндрэлийг голчилж ярьсан. Үнийн өсөлт өндөр байна. Тиймээс Засгийн газар ойрын үед төсвийн тодотголын асуудлыг судалж, тодорхой санал боловсруулж танилцуулах чиглэлийг бүлгээс өгсөн" гэв.