Шүүхээр “гал” атгуулж хүссэндээ хүрсэн “Монгол Ураниум Ресурс”-ийн ил эзэн Х.Бүрэн-Эрдэнэ

Нийтэлсэн: Админ 2023-09-26 10:27:49

“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийнхан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн нүүрсний ордыг эзэмшихийн тулд шүүхээр явж, ураны хайгуулын лицензээ хүрэн нүүрсний ашиглалтынх болгож чадсан. Үүнд шүүх байгууллага, тэр дундаа Захиргааны хэргийн шүүхийнхэн ямар байдлаар оролцсон нь эргэлзээтэй хэвээр байгаа юм. Ямартай ч шүүх ингэж “гал атгасан” байдаг.

Тэгвэл шүүхийг ингэж хөдөлгөсөн “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийг хэн эзэмшдэг вэ гэдэг анхаарал татна. Албан ёсны бүртгэл буюу тус компанийн ил эзэн нь Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ юм байна.

Тэрбээр “Монгол Ураниум Ресурс” /5150884/ ХХК- ийн цорын ганц хувьцаа эзэмшигч бөгөөд эцсийн өмчлөгч аж. 

Х.Бүрэн-Эрдэнэ компаниа 2007 оны долдугаар сарын 5-нд гадаад худалдаа, барилгын засвар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэйгээр байгуулжээ. Хэдэн сарын дараа 2008 оны хоёрдугаар сарын 25-нд ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөлтэй болсон байна. Улмаар нүүрсний ашиглалтын лицензийг нь эзэмшдэг “Эрээн толгой” /6645127/ХХК-ийг 2020 оны арванхоёрдугаар сарын 17-нд байгуулсан. Гадаадын хөрөнгө оруулалт бүхий тус компани Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй юм байна. Өдгөө “Эрээн толгой” ХХК-ийг “Монгол Ураниум Ресурс” ХХК, иргэн Мөнхсаруулын Чингүн, “Бао Тай Эс Си Эм” ХХК, БНХАУ-ын иргэн Гао Бо, иргэн Баасангийн Батнягт нар эзэмшдэг. Харин эцсийн өмчлөгч нь Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ юм байна.

-“Зүүн бүс майнинг” /6344267/ ХХК -ийг Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, Гадаад худалдаа, Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэйгээр 2018 оны есдүгээр сарын 4-нд байгуулсан. Энэ компанийг “Эрээн толгой” ХХК-ийн баг буюу Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ, Мөнхсаруулын Чингүн,  Баасангийн Батнягт нар эзэмшдэг.

-“Зүүн бүс ложистикс” /6348688/ ХХК-ийг 2018 оны есдүгээр сарын 14-нд Авто машинаар ачаа тээвэрлэх, Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байгуулсан. Тус компанийг “Бао Тай Эс Си Эм” ХХК /ГХО/, Мөнхсаруулын Чингүн, БНХАУ-ын иргэн  Enhetamier, иргэн Баасангийн Батнягт, Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ нар эзэмшдэг.

-“Ийст коал майнинг” /6317391/ ХХК-ийг 2018 оны зургадугаар сарын 7-нд Авто машинаар ачаа тээвэрлэх,  Гадаад худалдаа, Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, Барилгын засвар хийх,  Геологийн тойм судалгаа хийх чиглэлээр байгуулсан. Энэ компанийг иргэн Банзрагчийн Баясгалан, Мягмарын Тэмүүжин,  Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ, Алгирмаагийн Даваадорж, Батнасангийн Батсайхан, Балжиннямын Отгон-Очир нар эзэмшдэг.

-“Ийст Корридор Рэйлрөүд” /6764371/ ХХК-ийг 2021 оны есдүгээр сарын 30-нд авто машинаар ачаа тээвэрлэх, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулсан.  Одоо тус компанийг “Мустанг Андерграунд Ресурс” /6312624/ ХХК эзэмшдэг. “Мустанг андерграунд ресурс ХХК-ийг  2018 оны тавдугаар сарын 22-нд Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр байгуулсан. Тус компанийг Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ, Мөнхсаруулын Чингүн,  Баасангийн Батнягт нар эзэмшдэг. Эцсийн өмчлөгч нь Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ юм байна.

-“Грэйлинг лэнд”/8344353/ ХХК-ийг 2023 оны дөрөвдүгээр сарын 13-нд Аялал, жуулчлалын чиглэлээр ажиллуулахаар байгуулжээ. Энэ компанийг Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ эзэмшдэг.

-“Томас-Эйр” /5444632/ ХХК-ийг Гадаад худалдаа, Тогтсон хуваарьгүй агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлтэйгээр 2011 оны нэгдүгээр сарын 25-нд байгуулсан. Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ эзэмшдэг.

-“Монгол такси солюшинс” /6936342/ ХХК-ийг 2022 оны аравдугаар сарын 17-нд байгуулсан. Энэ компани Автомашины түрээс, Автомашинаар ачаа тээвэрлэх, Онлайн худалдааны үйл ажиллагаа явуулах эрхтэй. Бадамхатангийн Гантулга, Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ Наранбаатарын Золбоо нар хувь эзэмшдэг.

-“Шүгүүн сод” /6752322/ ХХК-ийг 2021 оны есдүгээр сарын 7-нд Авто машины худалдаа, Авто машинаар ачаа тээвэрлэх, Уул уурхайн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ, Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, Авто машины засвар, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэйгээр байуулсан. Гадаадын хөрөнгө оруулалт бүхий тус компанийг Хулдорж Бүрэнэрдэнэ, БНХАУ-ын иргэн Guo Jianqiang, Xxx Enhetamier нар эзэмшдэг.

-“Мөнхийн эрчим хүчний нөөц” /6661297/ ХХК-ийг 2021 оны хоёрдугаар сарын 3-нд Авто машинаар ачаа тээвэрлэх, Авто машин, хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн түрээс, Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх зөвшөөрөлтэй байгуулсан. Тус компанийг Пүрэвжаргалын Энхболд, Бадрахын Мөнх-Орших, Даваадоржийн Ганзориг, Жигжидсүрэнгийн Нарантуяа, Баасангийн Батнягт, Мишкагийн Мөнхтулга, Хулдорж ийн Бүрэн-Эрдэнэ, Бухаагийн Болдбаяр, Мөнхсаруулын Чингүн нар эзэмшдэг.

Х.Бүрэн-Эрдэнийн эзэмшлийн компаниудаас хамгийн арвин түүхтэй нь  “Томас-Эйр” хэмээх нисэхийн компани юм. Хэдэн жилийн өмнө Олон улсын санхүүгийн зөвлөх “Wealth-X” компаниас дэлхийн баячуудын “World Ultra Wealth Report” чансааг шинэчлэн гаргасан байдаг. Ийм жагсаалтад Монголын 35 бизнесмэний нэр бичигдсэн.  Тэдний нэгээр “Петровис” ХХК-ын үүсгэн байгуулагч Ж.Оюунгэрэл агсан 437.5 сая ам.долларын хөрөнгөтэй хэмээн нэрлэгдэж байв. Түүний мэдэлд байдаг “Петровис” ХХК, HИК компани, “Петровис карт” ХХК, Петровис Тос ХХК, “ЮниГаз” ХХК, “Петро Матад групп” компани, “Энержи Ресурс”-ийн хувьцаа зэргийг жагсаахад “Томас Эйр” ХХК багтсан байдаг. Уг танилцуулгад “...“Томас Эйр” ХХК компани нь 2011 онд байгуулагдсан. Өдгөө агаарын гурван хөлөгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Швейцари улсын “Пилатус ПС-6”, АНУ-ын “Моли М-7”, 2010 онд АНУ-д үйлдвэрлэгдсэн “Эйр Трактор АТ-602” агаарын хөлгүүдийг худалдан авчээ” хэмээн бичсэн байдаг. Түүнчлэн 2013 онд Дайны эрсдэлийн сан нэрээр их хэмжээний мөнгө завшсан МИАТ-ийн захирлуудыг шүүж дууссан. Тэгэхэд МИАТ-ийн захирал асан Ц.Орхоныг шийтгэхдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дах хэсэгт зааснаар оногдуулж, “Томас Эйр” ХХК-ийн хөрөнгийн 3.18 хувийн хөрөнгийг хурааж, долоон жил хорих ялын зарим болох 1 /нэг/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дугаар зүйлийн 1661.3 дах хэсэгт зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сар хорих ял дээр нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг “Томас Эйр” ХХК-ийн хөрөнгийн 3.18 хувийн хөрөнгө, 10.000.000 /арван сая/ төгрөгийн эд хөрөнгийг тус тус хурааж 11 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй” хэмээсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, Х.Бүрэн-Эрдэнийн зөвхөн “Томас Эйр” ХХК-ийн түүх, хувь эзэмшлээс түүний ард хэн байгаа вэ гэдгийг харж болохоор байгаа юм.

 

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ