Ийм тогтолцоонд бол эрх баригч намын дарга дарангуйлагч болон биелэх нь цаг хугацааны л асуудал

Нийтэлсэн: Админ 2022-04-29 11:34:13

Хуульч Д.Миеэгомботой Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, парламентын засаглал, улс төрийн намын шинэтгэл сэдвээр ярилцлаа.


-Та сайхан хаваржиж байна уу? Одоогоос хэдэн жилийн өмнө манай Ийгл телевизээр “Улстөрийн намын санхүүжилт” сэдэвтэй хэлэлцүүлэгт оролцож байх үедээ парламент, улстөрийн намын талаар илэрхийлж байсан байр суурийг тань санаж байсан болохоор энэ ярилцлагыг хийж байна.

-Сайхан хаваржиж байна аа, Та сайхан байна уу. Би тухайн үед ямар агуулгатай зүйл ярьж байсанаа одоо нарийн санах зүйл алга. Ер нь бол улстөрийн намын парламентын төрийн тогтолцоонд гүйцэтгэх үүрэг, эдүгээ тогтнож байгаа улстөрийн намуудын талаарх үзэл бодол бол тогтвортой байгаа. Үзэл санаа, үнэт зүйл байхгүй, байгалийн буюу нийтийн баялаг, тусгай зөвшөөрлүүд, төсвийн хөрөнгийг тэгш бус хуваарилж, ашиг хонжоо олох зорилго бүхий тогтолцоо болсон л гэж дүгнэж ярьж байсан болов уу. 

-Тийм ээ, тэгж хэлж байсан, дээр нь санхүүжилт нь ил тод бус, төрийн албан тушаалыг наймаалдаг, төрийг мэргэшсэн тогтвортой бус, богино настай, чадавхгүй болгож сулруулсан гэж шүүмжилж байсан? 

-Энэ бүх асуудлыг язгуураар нь, өргөн хүрээнд хооронд нь холбож ярих хэрэгтэй болдог. Тэгэхгүй өнгөц дүгнэж, өрөөсөн захаас нь яривал бодит бус, үр дүнгүй, дэмий яриа болно.

-За, энэ сэдвийн хүрээнд Та ямар өнцгөөс яриагаа эхэлмээр байна? 

-1992 оны Үндсэн хуулиас эхлэх нь зөв болов уу. Ардчилсан шинэ Үндсэн хуулиар бий болгосон төрийн тогтолцоо, түүний хувирал өөрчлөлтийн талаар, энэ тогтолцоонд улстөрийн намын гүйцэтгэх, эзлэх ёстой байр суурь, эдүгээ байгаа байдал, төрийн эрх мэдлийн салаа мөчир хоорондын эрх мэдэл болон хяналт тэнцвэрийн тухай гэсэн дарааллаар яривал зүгээр байх. Монгол Улс, шинэ Үндсэн хуулиараа парламентын бүгд найрамдах төрийн тогтолцоог сонгон баталгаажуулсан. Төрийн тэргүүн болох Ерөнхийлөгчийн институцийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд аль алинд нь шууд бус нөлөөтэй, эвлүүлэн тохируулагч байхаар бодож төлөвлөж анх хуульчилсан. Парламентын төрийн тогтолцооны хоёр тулгуур багана нь нэг талаас, улстөрийн удирдлагагүй, зөвхөн хуульд дээдлэх зарчмаар ажилладаг, мэргэшсэн, өндөр чадавхтай төрийн алба, нөгөө талаас өөрийн үзэл санаа, үнэт зүйлтэй, улсын хөгжлийн талаар эрэмбэлж цэгцэлсэн төлөвлөгөөтэй, сайтар төлөвшсөн улстөрийн нам хоёр юм. Манайд өнгөрсөн 30 жилийн хугацаанд эдгээр нийгмийн институтуудыг аль алийг нь огт додомдсонгүй, хөсөр хаяж бүр дампуурууллаа. 

Өнгөрсөн социалист төрийн тогтолцоонд эзэлж байсан намын үүргийг үнэн хэрэгтээ халж чадсангүй. Зүсээ хувиргаж хонины арьс нөмөрсөн чоно гэгч боллоо улстөрийн нам, Монголд. Дээр дурдсан улстөрийн намд байх ёстой үнэ цэнэтэй зүйлээс нэг нь ч манай намуудад алга. Өөрийн үзэл санааны үнэт зүйлтэй, түүнийг нь итгэл үнэмшлээ болгосон гишүүдтэй, өөрийн үндэстэн, улсын өнгөрсөн түүх, өнөөгийн байдал, хэтийн хөгжлийн талаар бодитой эрэмбэлсэн дүгнэлт, төлөвлөгөөтэй улс төрийн хүч Монгол Улсад алга. Улстөрийн намуудын удаа дараа боловсруулдаг, ээлжилж батлуулдаг ойрын хараа, холын хараа 2020, 30, 50 гэдэг баримт бичгүүд цөм хоосон лоозон. Ард түмний төр барих эрхээр тэтгүүлж хүлээн зөвшөөрүүлсэн нь нэгээхэн ч үгүй.

Энд зайлшгүй хэлэх ёстой нэг санаа бий. Манай эрх баригчдын ихээхэн андуурал тэнэглэл бол өөрсдийгөө “язгууртан”, “хөрөнгөтөн”, “нам-дарга” анги гэж андуурч тэнэглэж байгаа явдал юм. Төрийн эрх мэдэл бол ард түмнийх, тэндээс эх сурвалжтай, тогтвортой зүйл. Салгаж болохгүй ойлголт. Парламентын төр бол ард түмний тэр эрхийг өөрийн мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөг хүлээн зөвшөөрүүлж түүнээ хэрэгжүүлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар авч төлөөлөн хэрэгжүүлж байдаг. Түүнээс ард, түмэн сонгогчид аль нэг намыг дарга, язгууртан, хөрөнгөтөн болгох гэж сонгууль хийдэггүй. Үүнийг хол андуурч эсрэгээр ойлгох нь түгээмэл байна. Үүнийг хэлмээр бодогддог.

-Ямар ард түмэн байна, тийм төр байна гэдэг хэлц үг байдаг. Та энэ санааг хэлж байна уу?

-Нэг талаар тийм, нөгөө талаар үгүй. Тийм гэхийн учир нь, энэ үг ардчилсан улстөрийн дэглэмд ард түмний үүрэг оролцоо, идэвхи ихээхэн чухал шүү, төрд, өнөө түрүүн дурдсанчлан манай улсад бол дөрвөн жилээр төр барих эрхээ уламжлан шилжүүлж өгөхдөө бодолтой, ухаантай хандаарай, хяналтаа сайн талбиж, хуучны үгээр бол цэрийг нь цээжинд нь бөөрийг нь бөгсөнд байлгаж байтугай гэсэн санаа. Нөгөө талаас үгүй гэдгийн учир нь, төр барих ардын эрхийг өөртөө хурааж буй улстөрийн нам, хувь хүн ардын тэр эрхийг хэлбэрэлтгүй сахиж “тохирсон гэрээ” ёсоор хэрэгжүүлнэ гэж тангараг өргөж байгаа. Тангараг гэж юу билээ. Эцэг өвгөдийн үед бол тангараг амины үнэтэй. Одоо харин намууд, гишүүд тангаргаа за-гийн төдий бодохгүй, түүний нэхэл хариуцлага гэж байхгүй байгаад учир нь байна. Энэ агуулгаараа ард түмэн ахуй амьжиргаанаасаа хэтрэхгүй, өөр рүү нь харц сөхөх сэхээгүй ядруу байх тусам тангараг өргөсөн төрийн түшээ  улам хичээх ёстой гэж санагддаг. Учир нь энэ бол бидний л улс, хувь заяа нэгтэй ард түмэн-үндэстэн. Манай Монгол Улс төр, хууль цаазын урт уудам түүхтэй. Түүндээ өнөөхөндөө эзэн болж чадахгүй яваагаас бус, дэвжиж дээшилж өөрийн байр суурийг эзэгнэх нэг цаг заавал ирнэ. Тэр цагт өнөөдрийн үүрсэн ачаагаа даагаагүй байх вий гэдэг хариуцлага энэ намуудад, төрийн түшээ хүнд заавал байх ёстой.

-За бидний яриа хэт энгийн болчихов уу даа. Хууль зүйн үндэстэй үнэлэлт дүгнэлт сонсмоор байна?

-Ийм яриа гарцаагүй байх ёстой гэж бодсоноо хэллээ. Ер нь бид өөрийн шинэ, нэн шинэ түүхэндээ, үндэстэн-улсдаа үнэлэлт дүгнэлт өгөх цаг хэдийнэ оройтчихоод байгаа. Бид хаанахын хэн байгаад одоо хэн болов. Бидний айдаг ичдэг, эмээдэг, үнэлдэг, дээдэлдэг зүйл юу билээ, бид юу зорьж, юунд яаж хүрч юун чадах үндэстэн юм. Ахуй соёл маань юу билээ, одоо цаашид хэрхэх вэ, энэ олон зуун жилийн хоцрогдлыг яаж нөхөх хэрэгтэй билээ, Монгол хүн гэж байх юм уу, Монголын уламжлалт соёл, сэтгэлгээнээс авах, гээх нь юу байна, орчин цагт Монгол хүнийг хэрхэн бүтээж төлөвшүүлэх вэ, хүмүүжил боловсролыг яаж олгох вэ, боловсрол гэдэг өөрийгөө хуурдаг алга дарам цаас юм уу, жинхэнэ амьдрах хүч болж хувирсан чадавх юм уу зэрэг түмэн асуултад Монголын төр хариулах ёстой. Үндэстнээ таньж мэдэхгүйгээр улс удирдана гэж байхгүй. Их богд хааны билэг сургаалд “Хүмүүнийг эзлэе гэвэл сэтгэлийг нь эзэл, тийн аваас бие нь хаа холдох вэ” гэдэг, тэгвэл сэтгэлийг нь эзлэж удирдаж залахын тулд сэтгэлийг нь танигтун гэж төрд хэлэх ёстой ёо доо?

-?

-За, би мэргэшсэн төрийн алба улстөрийн намын парламентын төрийн тогтолцоонд гүйцэтгэх  үүргийг ярьж суугаад хадуурчихлаа. Шинэ Үндсэн хуулиас хойш Улстөрийн намын тухай хуулийг огт хөндсөнгүй. Дээрх шаардлагуудыг намд тавьж дэвшил рүү хөтөлсөн эрх зүйн орчин огт бүрдүүлсэнгүй. Учир нь намын эрх зүйн орчин, эдүгээгийн байгаа байдал эрх барьж байгаа улсад ашигтай байна л даа. 2005 оны намын хуулиар намыг шүүхийн хяналтаас гаргаж авсан. Намын дотоод асуудалд оролцохгүй гэдэг энэ нөхцөл ихээхэн тодорхойгүй байдлыг бий болгож дураар дургих үндэс болж байна. Эрх барьж буй улстөрийн нам төрийн дээр гарч нийгмийг Үндсэн хуульт хууль бус намын цөөнхийн дур зорго удирдаж байна. Нам, нам юу байх вэ, нам нэртэй бүлэглэлийн толгойд гарсан удирдлага улстөрч гишүүдээ барьчихна, ингээд парламент дахь намын бүлэг үнэн хэрэгтээ хууль тогтоож байна. Маш явцуу сонирхлоор. 2019 онд өөрчилсөн Монгол Улсын Үндсэн хуульд орсон хэд хэдэн заалтаас болоод Монголын төрийн тогтолцоо анх 1992 онд тогтоон зохицуулснаас урвуу эргэж хэлбэржсэн.

-Та нэг нэгээр нь дэлгэрэнгүй ярих уу?

-Тэгье. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд хязгаарласан. Тухайлбал Ерөнхийлөгчөөс шүүх эрх мэдэлд нөлөөлж байсан нөлөөллийг бууруулж Шүүхийн ерөнхий зөвлөлийг дангаараа бүрдүүлж байсныг цуцалсан. Авилгатай тэмцэх газрын удирдлагыг томилох саналыг УИХ-д оруулж шийдвэрлүүлж байсныг мөн өөрчлөлтийн хүрээнд хуульд өөрчлөлт оруулж болиулсан. Хууль санаачлах эрх мэдлийн хүрээг нь хязгаарлах талаар заалт оруулсан. Үүний учир шалтгаан нь өнгөрсөн 30 жилийн түүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч нар шүүх, прокурор, АТГ-ыг томилж тэдгээрийн үйл ажиллагаанд нөлөөлж үүгээрээ дамжуулан хөшүүрэгдэж төрийг удирдах удирдлагад гүнзгий оролцож байсныг хазаарлахыг төрийн тогтолцооны гол шинэтгэл гэж үзэж үүнийг хийсэн юм. Ерөнхийлөгч Үндсэн хуулиар бол лут эрх дархтай институц ч биш. Гагцхүү Ерөнхийлөгчийг ийнхүү буйлуулахад хүргэсэн нь мөнөөх л улстөрийн намын сул дорой байдал, улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын хувийн байдал. Авилгалжсан, тендержсэн улстөрчидтэй улсыг хууль хамгаалах байгууллагад нөлөөтэй байгаа хүн л удирдаж залдаг байна. Түүхэнд Ерөнхийлөгчийг улстөрийн намаас түдгэлздэг, түүнээс хараат бус институц болохын нь хувьд эдгээр албан тушаалуудын томилгоо, томилуулахаар санал оруулах эрхийг түүнд харьяалуулсан байдаг. Гэтэл учир шалтгаан нь өөр цэг дээр байхад Ерөнхийлөгчийг сулруулаад л болчих юм шиг хандсан нь харамсалтай. Ерөнхийлөгчийн энэ эрх аль нэг субъект рүү очиж нялзаж л таарна шүү дээ. Тэр нь Ерөнхийлөгчөөс бүр их явцуу сонирхолтой этгээд байвал яана гэдгийг бодсонгүй.

-Ерөнхийлөгчөөс энэ эрх хаашаа шилжсэн бэ?

-Шууд Ерөнхий сайдад очсон. Авилгатай тэмцэх газрын даргыг санал болгож томилуулах, Шүүхийн байгууллагууд болох ШЕЗ, Шүүхийн сахилгын хороог байгуулах эрхүүдийг УИХ-д өгсөн. Шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүгчийг сонгон шалгаруулж томилуулах эрхтэй байгууллага, энэ байгууллагын сонгон шалгаруулсан хүнийг Ерөнхийлөгч томилох үүрэгтэй байхаар хуульчилсан. Өмнө нь эрхтэй, татгалзаад томилдоггүй байсан. Түүнээс гадна Ерөнхий сайд Засгийн газрын танхимаа УИХ болон Ерөнхийлөгчөөс хамааралгүйгээр томилж чөлөөлөх эрхтэй болсон. Ийм эрхүүдийг өөртөө авч хүчирхэгжсэн гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүний хариуцлага нөгөө талдаа нэмэгдэх учиртай, гэтэл тэгсэнгүй эсрэгээр нь парламентын эрхийг өнөөгийн улстөрийн орчинд хавьгүй сулруулах заалтыг Үндсэн хуульд хийж парламентын эрхийг хязгаарласан юм.

- Ямар заалт хийсэн гэж?

-Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 7-д: “Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөл дээр парламент зардал нэмэхгүй, дотор нь бүтцийг нь л өөрчилнө” гэж заасан юм.

-Ийм заалт оруулахгүй бол гишүүд тойргийнхоо лоббиг л хийгээд төсвийг бантан болгодог байсан биш үү?

-Төсөв бантан болж байсан бол одоо тогтолцооны хувьд тэгвэл бүр каш болно за, сонгуулийн тогтолцоог солиогүй, жижиг мажоритар байгаа нөхцөлд гишүүд тойрогтоо төсөв хуваарилуулахаар үхэн хатан зүтгэсээр л байх болно. Харин энэ заалтыг хийснээрээ парламентыг Ерөнхий сайдад худалдагдах нөхцөлийг хангачихаж байгаа юм. Үүний төлөө парламент, гишүүд олон юмаа худалдах вий.

-Энэ заалтын оронд сонгуулийн тогтолцоогоо холимогжуулж жижиг тойргийн хамаарлыг бууруулах өөрчлөлт хийж яагаад болдоггүй юм бэ?

-Эд бүгдээрээ нийлээд эрх баригч намын дарга Ерөнхий сайдыг левиафан-мангас болох нөхцөлийг бүрдүүлсэн.

-Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд мангас болоогүй л байна шүү дээ?

-Цаг хугацааны л асуудал. Оюун-Эрдэнэ ерөнхий сайд, намын даргын хувьд, У.Хүрэлсүх дарга нь Ерөнхийлөгчид нэр дэвшиж ялж явсан учраас томилогдсон. Тэгээд ч 2020 онд бүрдсэн парламент бол түүний дэвшүүлж ялуулсан парламент биш. Тиймээс намын даргын хувьд генсек Амарбаясгалангаа “тулж” хэлбэржүүлж ажилладаг байх. Тэгээд ч хувь хүн нь хорон биш. Түүнээс биш хорон санаатай, хурдан хурц, тэгээд намаа өөрийнхөөрөө зангидсан хүн Ерөнхий сайд болбол ийм байна гэж үү?

-Тэгвэл ажил хийх хүнд сайн, давуу тал биш үү?

-Үгүй. Нэгдүгээрт энэ эрх мэдлийн тэнцвэр дээр хариуцлага тодорхой байх ёстой. Гэтэл тэр механизм алга. Нөгөөтэйгүүр нөгөө л төлөвшөөгүй нам, эрх зүйн сул орчин нь чадалтай хүн гарч ирж Ерөнхий сайд болох бүхий л нөхцөлийг хааж байна шүү дээ. Анзаарч байгаа бол Ерөнхий сайдын бяр цухалзаад л байгаа биз... Удахгүй энэ хэн ч хазаарлаж дийлэхгүй хүч болоход гайхах юмгүй.

-Хууль шүүх, Үндсэн хуулийн Цэц Ерөнхий сайдыг хазаарлана гэдгийг та үгүйсгэж байна уу. Тэгээд бид юунд итгэх болж байна?

-Ийм тогтолцоотой үед бол Ерөнхий сайд минь уур уцааргүй байгаасай, нүдэнд нь өртчихгүй юмсан гээд л явж байх нь өлзийтэй байлгүй. Хувь хүн нь сайн хүн байгаасай гээд залбираад явж байхгүй юү. Шүүхийг шүүхийн байгууллагуудаар дамжуулаад эзэгнэнэ, Цэцээр яаж хүссэн шийдвэрээ гаргуулдаг билээ дээ. Цэц УДШ, Ерөнхийлөгчийн санал болгож байгаа хүмүүсээр дамжаад арай ч намын хараат бус болчихгүй шиг явдаг байсан нь одоогийн Ерөнхийлөгчийн дараанаас бүрмөсөн дуусах байлгүй.

-Яагаад, одоогийн Ерөнхийлөгч Цэцэд хал балгүй гэж?

-Яг хал балгүй гэсэнгүй. Харин Цэцийг намынхныхаа гарт өгөхгүй л гэж бодож байна. Яагаад гэвэл ди жүри намын даргаа өнөөдөр ч хийсээр л байгаа шүү дээ, Ерөнхийлөгч...

-Тэгээд бүгдээрээ ингээд хоосон шүүмжлээд “үзмэрдээд” суугаад байх юм уу?

-Өнөөдөр Оросын өдөөсөн, Украинд хийж байгаа дайн дэлхий дахинд ардчиллын үнэ цэнийг улам ихээр өргөж байна. Ардчилсан тогтолцоотой байхын давуу тал манайх шиг буурай улсын хувьд бол амь амьдрал гэсэн үг. Мухардлаа гэж байсан ардчилал дахин сэрж сэргэж байна. Ардчиллын давуу тал бол: “Тэнгэрээс, хэн нэгний боол байх ёсгүй эрх чөлөөт төрсөн, хүний энэ мөн чанарыг тэтгэж дагуулж хийсэн тогтолцоо тул урт нас удаан жаргалтай” тэгэхээр ядуу буурай Монголчууд бид парламентын төрийн тогтолцоогоо гүнзгийрүүлэн төлөвшүүлэх, үүний тулд сонгуулийн системээ хувь тэнцүүлсэн болгох, улстөрийн намын хуулийг яв цав баталж мөрдүүлэх, өөрчлөх дэвшүүлэх, төрийн албыг улстөрийн удирдлагаас эгнэгт салгах, тогтвортой болгох, сонгуулийн үр дүнгээс хамаарч богино наслуулдаггүй болгох ажлыг хийх, дээр нь эрүүл мэндийн, боловсролын, төсвийн шинэтгэлийг яаралтай хийх ажил тулгамдаж байгаа шүү дээ. Үүнийг шинэ сэргэлтийн бодлогоо гэх болов уу...

-Эрх баригч нам сөрөг хүчнээ хагалан бутаргалаа гэж нийгэмд шуугьж байна. Энэ талаар та ямар бодолтой байна?

"МАН хутга юм бол АН билүү шүү дээ. Муу ч сайн ч Монголын нэн шинэ түүхэнд өөрийн зам мөртэй, түүхтэй нам. Төрийн аппаратыг ашиглаж тамга тэмдгээр нь тоглож ингэж хагалж болохгүй ээ. МАН-ын Монгол, АН-ын Монгол Улс гэж баймааргүй юм. Ийм богинохон бодолтой байж таарахгүй. Өрсөлдөж болно, сөргөлдөж болно, гэвч энэ нь тодорхой зарчимтай байж байж эерэг үр дүн гарна л гэж бодож байна. Түүнээс биш ямар ч хамаагүй аргаар нухчин дарах гэж оролдох бол наагуур хэлэхэд тэнэглэл, хүний хорсол заналыг өдүүлэхээс өөр үр дүнгүй. Сөрөг хүчнээ нухчиж, намын дарга нарыг нь ээлжээр шоронд хийчихээд нэг намын тогтолцоонд орж аваад, дүр эсгэсэн олон намын тогтолцоотой Хятадын араас орох уу? АН-ынхан бүгдээрээ л шоронд орлоо. Одоо л гэхэд намын дарга, Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягийг шоронд хийнэ гэнэ. Эрх баригч нам ийм олон суудалтай, бүх бололцоо нь бүрдсэн сонгуулийн хоёр цикл дамнан засаглаж байж, энэ бол түүхэн боломж шүү, хийж бүтээх зорилготой улсад. Хэрвээ чаддаг юм бол.