Сайед Моллай: Энэ медалийг хоёр жил уулзаагүй гэр бүлдээ, Монголын ард түмэнд зориулж байна
Токио-2020 олимпын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын бөх Сайед Моллай медаль хүртсэнийхээ дараа Монголын сэтгүүлчдэд ярилцлага өглөө.
Тэрбээр “Энэ медалиа нэгдүгээрт Иранд байгаа гэр бүлдээ зориулж байна. Тэдэнтэйгээ хоёр жил уулзаагүй. Хоёрт, Монголын ард түмэнд зориулж байна. Би Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер, Ерөнхийлөгч асан Х.Баттулгад талархал илэрхийлж байна. 2018 оноос хойш маш олон зүйл тохиосон. Би эх орноо алдсан. Гэхдээ би эргэж ирсэндээ, мөнгөн медаль авсандаа баяртай байна.
Би сүүлийн хоёр жил тасралтгүй хичээж хөдөлмөрлөсөн. Зоригтой хүмүүс нэг л амьдардаг, зоригтой хүмүүс хүссэндээ хүрдэг. Би өөрийн зорилго, мөрөөдлийнхөө төлөө явсан.
Би Монгол Улсад шинэ амьдралыг эхлүүлсэн. Маш мундаг тамирчидтай нэг баг болсондоо баяртай байна. Сайхан найзуудтай болсон. Монголын ард түмэнд энэ медалиа зориулж байна. Монголын ард түмэн маш сайхан, халуун сэтгэлтэй ард түмэн” гэлээ.
Мөн тэрбээр сэтгэгдлээ илэрхийлснийхээ дараа "Баярлалаа, Монгол” гэж монголоор хэлсэн хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.