Олимпын музейн нээлт боллоо
6.23. Өнөөдөр олон улсын олимпын өдөр. Энэхүү баярт өдрийг хүн төрөлхтөн 1948 оноос эхлэн хүндэтгэн тэмдэглэдэг болсон билээ. Энэ өдөр спорт олимпизмийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим байгууллага, хувь хүнийг шагнаж, хүндэтгэл үзүүлсэн юм. Түүний дунд М-Си-Эс Кока-Кола компани нь Олон улсын олимпийн хороо байгуулагдсаны түүхт 127 жилийн босгон дээр МҮОХ-ны Олимпын музейн шинэчлэлтийг санаачлан санхүүжүүлж, спортыг хөгжил, баг тамирчдын амжилт, хөгжөөн дэмжигчдийн хүсэл тэмүүллийг түүх болгон хадгалж үлдээхэд оруулсан сэтгэл зүтгэл их болохыг МҮОХ-ны удирдлагууд цохон тэмдэглэв. Энэ арга хэмжээнд МҮОХ-ны ерөнхийлөгч, М-Си-Эс Кока Кола ХХК-ны Гүйцэтгэх захирал Л.Мягмаржаргал тэргүүтэй хүндэт зочид оролцлоо. Олимпын музей нь анх 2003 онд байгуулагдсан бөгөөд Олон улсын олимпын музейн түнш, Азийн спортын музейн холбоо /ASMA/-ны гишүүнээр элсэж, одоогоор 500 гаруй нэр төрлийн түүхэн үнэт үзмэрүүдийг хадгалж байна. Монголын Спорт-Олимпизмийн их гэр бүлийн гишүүд, хүүхэд багачууд, оюутан залуус та бүхнийг Олимпын хөдөлгөөний түүхэн замналтай танилцан, Олимпын музейд зочлохыг урьж байна.