Самбо бөх Дэлхийн тоглолтод багтлаа
Энэ сарын 27-нд болсон Олон улсын дэлхийн тоглолтын холбооны ээлжит чуулганаар Олон улсын самбо бөхийн холбоо /FIAS/ албан ёсоор гишүүнээр хүлээн авснаар самбо бөх дэлхийн тоглолтонд эргэн нэгдэж байна. Олон улсын самбо бөхийн холбоо нь энэ оны хоёрдугаар сарын 15-нд тус холбоонд элсэх хүсэлтээ албан ёсоор хүсэлтээ гаргасныг уламжилсныг ийнхүү хүлээн авчээ. Самбо бөхийн төрөл өмнө нь 1985 оны Их Британы Лондон, 1993 оны Нидерландын Хааг хотод тус тус зохиогдсон дэлхийн тоглолтонд оролцож байсан бөгөөд дөрвөн жилд нэг удаа зохиогддог тус тэмцээнд манай улсаас 1993 оны Хаагын дэлхийн тоглолтонд спортын самбын эрэгтэйчүүдийн -52кг жинд дэлхийн аварга Н.Баатарболд алтан медаль хүртэж байсан юм. Дашрамд сонирхуулахад Олон улсын олимпийн хорооны ивээл дор зохигддог дэлхийн тоглолт нь ирэх жил 11 дэхь удаагаа Их Британы Бримингем хотод долдугаар сарын 7-17-нд 100 гаруй улсын 3600 гаруй тамирчид спортын 30 төрөлд өрсөлдөхөөр төлөвлөөд байгаа юм.