Д.Сумъяабазар: Эрүүл мэндийн ажилтнуудынхаа ажил, амралтыг нь зохицуулж, дархлааг нь дэмжиж, урам өгөөрэй
Нийслэлийн Онцгой комиссоос Дүүргийн Онцгой комисс болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахимаар хуралдлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дүүргийн удирдлагууд бэлтгэл ажлуудаа сайтар хангаж, хоорондоо уялдаа холбоотой, зохион байгуулалттай ажиллах ёстой гэдгийг хэлсэн юм. Мөн үүргээ гүйцэтгэж яваад халдвар авч, амиа алдсан алба хаагчдадаа гүн эмгэнэл илэрхийлж, халуун цэгт ажиллаж байгаа дүүргийн удирдлагууд, эмнэлгийн ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, өөрсдөө халдвар авахаас сэргийлж ажиллахыг сануулсан. Тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил, амралтыг нь зохицуулж, дархлааг нь дэмжиж, урам өгөөрэй гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн хувьд өнөөдрийн байдлаар 1040 хүн гэрийн ажиглалтад байна. Эдгээр хүний ойрын хавьтал 2000 гаруй иргэн бий. Дүүргийн нэгдсэн эмнэлэг 200 ор дэлгэсэн ч ор нь дүүрчээ. Тандалтын таван баг 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр өдөрт 500-600 хүнээс гэрээр нь шинжилгээ авч байгаа гэнэ. Мөн коронавирусийн үед амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хүндрэлтэй болж байгааг ярьж байлаа. Баянзүрх дүүргийн хувьд гэрийн эмчилгээнд 980 хүн, гэрийн ажиглалтад 329 хүн байна. Мөн 690 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тандалтын баг болон зайлшгүй шаардлагатай иргэдээс шинжилгээ авах цэг өдөрт 1000 орчим хүнээс ПСР шинжилгээ авдаг. Иргэд оношлогдож ирээд 2-3 хоногийн дараа хүндэрч байгааг албаныхан хэллээ.
Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвартай 192 хүн бүртгэгджээ. Ингэснээр нийт 4169 тохиолдол батлагдаж, есөн хүн нас барсан. Эмнэлэгт 894, гэрийн тусгаарлалтад 612 хүн байна. Ойрын хавьтал 2000 гаруй хүн байгаа аж. Харин Чингэлтэй дүүргийн хэмжээнд өчигдөр 603 гаруй иргэнийг ПСР шинжилгээнд хамруулжээ. Мөн халдвар авсан иргэдийн тоо 1420 гаруй болсон байна. Тандалтын баг өдөрт дунджаар 200 гаруй иргэнээс шинжилгээ авч байгаа гэлээ. Гэрийн тусгаарлалтад 2101 хүн байгаа бол ойрын хавьтал 1467, гэрээр эмчлүүлж байгаа 634 хүн байна.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн хэмжээнд батлагдсан 1784 хүн байгаагаас дүүргийн нэгдсэн эмнэлэгт 185 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Вакцин ирэхэд дархлаажуулалтын цэгүүдийн бэлэн байдлыг хангажээ. Дүүргийн хэмжээнд тандалтын 10 баг ажиллаж байна. Баянгол дүүрэг 440 орчим ор бэлтгэжээ. Гэрийн тусгаарлалтад 376 хүн байгаа бөгөөд хороодод мөн нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн аж. Багахангай, Багануур дүүргийн хувьд халдварын нөхцөл байдал харьцангуй тайван байна. Налайх дүүрэгт 272 хүн халдвар авснаас 159 хүн эдгэрчээ. Хүүхдийн эмнэлэгт 28 хүн, гэрээр 33 хүн эмчлэгдэж байна.
Дүүргийн удирдлагууд нөхцөл байдал хүнд, орны нөөц, тусгаарлалтын байр нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаагаа энэ үеэр хэлж байсан юм. Хотын даргын хувьд бүхий л нөхцөлд дэмжин ажиллахаа илэрхийлж, ямар дэмжлэг хэрэгтэй байгааг тухай бүрд нь мэдэгдэж байхыг хүслээ. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хүүхдийн тоглоомын талбайг ариутгах, угаах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хөөсрүүлж угаадаг машин хоёр байдаг бөгөөд автобусны 256 буудлыг хоёр өдөр угаадаг байна. Машины тоог 10 болгож нэмэх чиглэлийг Нийслэлийн Засаг дарга өглөө. Мөн хотоо сард нэг удаа угаадаг болъё гэсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС