Сонгинохайрхан дүүргийн иргэдээс энэ сарын 15, 16-нд шинжилгээ авна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байгаа юм. Мөн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод сайн дурын болон зорилтот байдлаар иргэдийг шинжилгээнд хамруулж байгаа. Сонгинохайрхан дүүргийн иргэдээс өнөөдөр шинжилгээ авсан. Маргааш, нөгөөдөр үргэлжилнэ. Энэ сарын 17-нд Баянгол, 18-нд Хан-Уул дүүргээс шинжилгээ авна. Хан-Уул дүүрэг дээр 1-2 өдөр шинжилгээ авах байх. Дараа нь Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдээс шинжилгээ авах хуваарьтай байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хэсэг, хороодоор нарийвчлаад шинжилгээ аваад эхэлж байна. Нэг ёсондоо Сонгинохайрхан дүүргээс эхлээд шинжилгээ авч Улаанбаатар хотын иргэдийг бүрэн “самнаж” байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ дундаас халдвартай иргэдээ илрүүлнэ. Ингэхээр Сонгинохайрхан дүүрэг шар бүс болно. Дараа нь Баянгол дүүргийг энэ маягаар шинжилгээнд хамруулаад шар бүсэд шилжүүлнэ. Хотын хэмжээнд маш сайн “самналт” хийж аваад вакцинтай золгож, дараагийн арга хэмжээ эхэлнэ” гэлээ.
Сонгинохайрхан дүүрэгт өнөөдрийн байдлаар шинжилгээний явуулын 50, суурин 10 цэг ажиллаж байгаа. Тиймээс иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байдлаар зохион байгуулж, иргэдэд мэдээллийг ойлгомжтой өгөхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Мөн эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөний хамгийн чухал арга арга хэмжээ бол “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэдгийг онцолсон юм.
Нийслэл бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар иргэдийн саналы хүсэлтийг сонсож, шийдвэрлэн ажиллаж байна. Иргэнд танд хатуу хөл хорионы дэглэм сахиулж буй нөхцөл байдалтай холбоотой санал хүсэлт, гомдол байвал Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын 1800-1200 дугаарын утсанд хандана уу.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс