Иргэншлээ сольж олимпийн наадамд "зодоглох" жүдочид-1
Ираны жүдоч дэлхийн аварга Саид Моллаи хоёр жилийн өмнө эх орноо төлөөлөн олон улсын татамид зодоглох боломжгүй болж, Монгол Улсын иргэншилтэй болсоноор тэмцээн уралдаанд тогтмол оролцож байна. Медалийн тавцанд ч гарлаа. С.Моллаиг дэлхий даяар мэднэ. Түүний эрхэм зорилго нь удахгүй хөшгөө нээх “Токио 2020” олимпын наадмаас медаль хүртэх. С.Моллаид Монголын жүдо бөхийн 81 кг-ын жинг төлөөлөх боломж бий. Хэрэв ингэж чадвал олимпийн наадамд Монголыг төлөөлөх анхны гадаад тамирчин болно. С.Моллаитай адил удахгүй болох зуны олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд эх орноосоо бус өөр улсыг төлөөлөн барилдах жүдочдыг танилцуулж байна.
Роберт Мшвидобадзе (ОХУ-Гүрж 60кг)
Роберт Мшвидобадзег мэдэхгүй жүдо бөх сонирхогч гэж үгүй. 2018 оны мастерсуудын аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хошой аварга маань 1989 онд Гүрж улсад мэндэлжээ. Түүнийг хоёр настайд буюу 1991 онд Зөвлөлт Холбоот Улсын их хагарлын дараа эцэг, эх нь төрсөн нутгаа орхин ОХУ руу дүрвэсэн юм. Эцэг, эх нь хүүгийнхээ сурлагад анхаарахын сацуу спорт, тэр дундаа жүдо бөхөд туйлын дуртай хүн болгон хүмүүжүүлж өсгөсөн. Тэрбээр арван жилийн өмнөөс манай хойд хөршийн жүдог төлөөлөн тун амжилт арвинтай барилдаж яваа. ОХУ-ын жүдо бөхийн шигшээгээс баг бүрэлдэхүүнээ зарлаагүй ч 60 кг-ын жинд дэлхийн чансааны дөрөвт эрэмбэтэй түүнийг сонгох магадлал өндөр. Мастерс тэмцээний аварга, ДАШТ-ий үзүүртэй гэсэн амжилт нь түүнийг хэр сайн тамирчин болохыг илтгэнэ.
Лука Мхеидзе (Франц-Гүрж 60кг)
Энэ оны Европын аварга шалгаруулах тэмцээнд жингийнхээ шилдгүүдийг удаа дараа буулган авч мөнгөн медаль хүртэж, ясны сайн тамирчин болохоо батлан харуулж чадсанаар Францын шигшээ багийг төлөөлөн олимпийн наадамд оролцох чансаатай гэдгээ харуулсан. Тэрбээр 1996 онд Гүржийн нийслэл Тбилиси хотод мэндэлсэн бөгөөд 2016 оноос хойш Францыг төлөөлөн тэмцээн уралдаанд оролцож байна. Хэдий түүний үзүүлсэн амжилт нь чамлахаар ч идэр залуу Лука Мхеидзег мэргэжилтнүүд Токиогийн олимпийн наадмаас медаль хүртэнэ гэж харж суугаа нь лавтай.
Чакадуа Торникэ (Нидерланд-Гүрж 60кг)
Чакадуа Торникэ нь 1996 онд хорвоод мэндэлсэн цагаасаа хойш Нидерланд улсад амьдарч байгаа ч эцэг, эх нь гүрж хүмүүс. Гүрж гаралтай Чакадуа Торникэ нь энэ оны нэгдүгээр сард болсон мастерс тэмцээнээс хүрэл медаль хүртэж, олимпийн татамид гарах боломжтой тамирчдын тоонд багтсан. Мастер тэмцээн бол хэн дуртай аавын хүүгийн медаль шүүрдэг дэвжээ биш. Хэрэв тэр олимпийн наадамд оролцох болвол харь орныг төлөөлөн олимпод зодоглох гүрж эрчүүдийн эгнээг тэлнэ.
Ведат Албайрак (Турк-Грек-Гүрж 81кг)
Ведат Албайрак бол энэхүү жагсаалтын хамгийн өвөрмөц түүхтэй нэгэн. 1993 онд Казахстаны Кокчетав хотод мэндэлж, Вано Ревазишвили нэртэйгээр анх хорвоогийн тоос хөдөлгөсөн гүрж гаралтай хүн юм. 2014 оноос эхлэн олон улсын тэмцээн уралдаанд барилдаж эхэлсэн бөгөөд тэр үедээ Роман Мустопулос нэртэйгээр Грек улсыг төлөөлсөн нь сонирхолтой баримт. Улмаар 2016 оны Риогийн олимпийн наадамд хүч үзсэн ч харамсалтай нь хоёрдугаар тойрог хүртэл барилдлаа. Тэр олимпоос хойш хэсэгтээ нам гүм байв. Харин 2018 оны ДАШТ-д одоогийн Ведат Албайрак гэх нэрээр Турк улсыг төлөөлөн хүрэл медаль хүртэж, олны анхаарлыг татаж чадсан. Ингээд зогсохгүй мастерс тэмцээний хошой хүрэл, их дуулга, гран при тэмцээний хошой алтан медалийг энгэртээ гялалзууллаа. Бас болоогүй энэ жил Европын аварга болж, амаргүй бөх гэдгээ мэдрүүлсэн. Одоо тэрбээр дэлхийн чансаанд гуравт жагсаж, хоёр дахь олимпдоо өөр улсыг төлөөлөн бас нэгэн шинэ нэрээр барилдах боломж байна.
Николоз Шеразадишвили (Испани-Гүрж, -90кг)
Николоз Шеразадишвили. Энэ хүнийг 2018 оны дэлхийн аварга гэдгээр нь спорт сонирхогчид сайн мэднэ. 1996 онд Гүрж улсад мэндэлсэн бөгөөд төрөлх нутагтаа жүдо болон усан пологоор хичээллэдэг байж. Удалгүй түүний гэр бүл төрсөн нутгаа орхин Испани руу цагаачилсан гэдэг. Энэ нь ч түүнд аз, амжилт дагуулсан. Тэгэхэд Николоз Шеразадишвили дөнгөж арван настай байв. Тэр цагаас хойш жүдо бөхийг илүү шимтэн сонирхож, бэлтгэл сургуулилтыг ч ёстой ясандаа тултал хийдэг байсан гэдэг. Нас биед хүрч, залуучуудын ДАШТ-ээс хошой мөнгөн медаль авав. Түүний амжилт энэ хүрээд зогсоогүй. Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ. Мастерсын аварга ч болов. Түүнд нэг том дайсан байдаг нь бэртэл гэмтэл. Хэрэв Николоз Шеразадишвили энэ том дайснаа дарж чадвал олимпийн наадамд дархан цолоо мандуулах боломж байгаа юм.
Михаэль Зганк (Турк-Словени 90кг)
Харь орны нэр дээрээс барилдаж буй жүдочдын зарим нь мөрөөдлөө биелүүлэх гэж иргэншлээ солих нь бий. Харин зарим нь санхүүгийн асуудлаас болж өөр улсын иргэншлийг сонгодог. Михаэль Зганк бол мөнгийг илүүд үзэж нутгаа хаяж одсон хүмүүсийн нэг. 1994 онд Словени улсад төрсөн тэрбээр 2009-2017 он хүртэл эх орноо төлөөлөн барилдаж, 2016 оны Риогийн олимпийн наадамд хүч үзэсэнээс гадна 2017 оны ДАШТ-ий мөнгөн медаль хүртэж байлаа. Энэ түүний замналын оргил амжилт нь. Үүний дараа Турк улсын иргэншилд орох хүсэлтийг их хэмжээний цалингийн хамтаар хүлээн зөвшөөрсөн. Туркийн нэрийн өмнөөс 2019 оны ЕАШТ-нд түрүүлсэнээс өөр гавьтай гавьяа байгуулаагүй ч нас, туршлага түүнд байгаа. Түүнийг жүдогийн мэргэжилтнүүд медалийн төлөө өрсөлдөх бөх хэмээн таамаглаж байна.
Хорхе Фонсека (Португали-Сан Томе ба Принсипи, -100кг)
Хорхе Фонсека бол Португали улсын жүдо бөхийн анхны дэлхийн аварга. Өвөрмөц нэртэй тэрбээр 1992 Африкийн арлын улс болох Сан-Томе ба Принсипи улсад мэндэлжээ. Тус улсын албан ёсны хэл нь Португали хэл байдаг тул тус улс руу маш их хэмжээний цагаачид шилжин нүүсэн бөгөөд Хорхе Фонсека тэдний адил цагаачлан очсон. 2011 оноос эхлэн олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд 2015 онд зүүн хөлөндөө гэмтэл авсан нь харамсалтай. Түүний барцад үүгээр дууссангүй. Хорт хавдартай гэдгээ мэдэж, энэхүү өвчнийг ялан дийлж, дэлхийн аварга болсон нь бахархууштай. Хоёр дахь олимпдоо оролцохоор сэтгэл шулуудсан түүнд нийт португаличууд алдарт хөлбөмбөгч Криштиан Роналдугаасаа дутахгүй найдвар тавьж буй нь мэдээж.
Шади Элнахас (Канад-Египет, -100кг)
Өдгөө дөнгөж 23 насыг шүргэж буй Пан-Америкийн хошой аварга Шади Элнахасын хувьд Канад улсыг төлөөлөн олимпийн наадамд оролцох нь гэдэг яриа саяханаас гарч эхэлсэн. Токиогийн татамид өрөөд зогсож байхад хэн ч гайхахгүй. Тэр яриа юугаар нотлогдсон гэвэл Тбилисигийн их дуулгад түрүүлсэн цагаас эхлэнэ. Тэрбээр Египетээс гэр бүлийн хамт цагаачлан Канад улсыг зорин ирсэн. Түүнд шинэ нутаг нь тийм ч таатай хандаагүй юм. Таван настайдаа цагаач гэдгээсээ болж хүүхдүүдэд гадуурхагдан хичээлдээ явахад хүндрэлтэй байж. Иймд жүдог сонгосон гэж нэгэн ярилцлагадаа өгүүлсэн нь бий. Үеийнхэндээ дээрэлхүүлж байсан нь хожмын амьдралд нь том ахиц авчирна гэж хэн мэдлээ.
Аарон Вольф (Япон-АНУ, -100кг)
2017 оны дэлхийн аварга түүний хувьд 1996 онд Япон улсад мэндэлсэн. Түүний эцэг нь Америк тул нэгдсэн улсыг төлөөлөн олимпод оролцох боломж нь үргэлж нээлттэй. Хэдий одоогийн байдлаар өөрийн жиндээ Япон улсын эхний сонголт байгаа ч шинээр түрэн гарч ирж буй залуучууд түүнд боломж олгохгүй бол 2024 оны олимпод аль ч улсыг төлөөлөн барилдахад нүүр улайхааргүй амжилт үзүүлэх боломжтой юм.
Ушанги Кокаури (Азербайжан-Гүрж, +100кг)
2018 онд Бакугийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан Ушанги Кокаури бол олимпийн медальтны тоонд зүй ёсоор нэрлэгдэнэ. Түүнийг 1992 онд Гүрж улсад төрж, өсч бүр 2012 он хүртэл тус улсад барилдаж байсныг нь мэдэх хүн цөөн болов уу. Түүнд эх орноосоо шалгарч олон улсын тэмцээнүүдэд оролцох боломж хомс байсан тул Азербайжан улсын иргэншил авч 2016 оны Риогийн олимпод оролцох шийдвэрийг гаргаж байжээ. Одоо тэрбээр Азербайжан улсыг төлөөлөн хоёр дахь Олимпдоо оролцохоор бэлдэж байна.
Виктор Сквортов (АНЭУ-Молдав, -73кг)
2014 оны ДАШТ-ий хүрэл медальт түүнийг жүдо сонирхогчид андахгүй. Тэрбээр өөрийн төрөлх нутаг болох Молдав улсын төлөө барилддаг байсан ч 2013 онд нутаг нэгт хоёр залуугийн хамтаар АНЭУ-ын иргэншил авч улмаар бүхий л өндөр амжилтуудаа тус улсын төлөө гаргасан. Өдгөө 33 настай үүний хувьд бараг сүүлчийн олимпдоо оролцохоор зэхэж байна.