Отгон аварга П.Бүрэнтөгс 33 нас хүрлээ
Бөхдөө хайртай монгол түмэн П.Бүрэнтөгс аваргыг андахгүй. 2012 оны Баяр наадамд аймгийн арслангаас шууд улсын арслан цолонд хүрсэн наадмыг спорт сонирхогч хэн бүхэн мэднэ. Тэр наадмын сонин хачин нь өнөө ч хуучраагүй. Тэгвэл улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс энэ өдөр (4.7) төрсөнийг мэдэх нь хэд бол. Отгон аварга маань 1988 оны луу жил Увс аймгийн Давст суманд улсын аварга малчин Пүрэвийн гэр бүлд мэндэлжээ.
Тэр жил цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэ арслан цол хүртэж байлаа. П.Бүрэнтөгс төрөлх нутгийнхаа баяр наадамд шөвгөрөн аймгийн начин болсоноор бөхийн зам руу эргэлт буцалтгүй орсон. Энэ түүний анхны наадам, анхны цол. Дараа нь Баян-Өлгий аймгийн түүхт 70 жилийн ойн баяр наадам түүнд өлзийгөө өгөн аймгийн арслан болж, бөхийн ертөнцөд хүчтэй гарч эхэлсэн. Тэгш ойн баяр наадам түүнд хэзээнээс ээлтэй. Увс нутгийн түүхт 90 жилийн ойтой жилийн Улсын баяр наадамд үзүүрлэж, аваргын энтэй арслан гэдгээ баталсан.
Харин өнгөрсөн жил учраа бүрээ саадгүй давж есөн хөлт цагаан тугаа есөнтөө тойрон аварга хэмээх эрхэм алдрыг энгэртээ гялалзуулж, нутгийн зон олон, бөх сонирхогчдынхоо магнайг нэг тэнийлгэсэн. Одоо түүнд Улс хувьсгалын яруу алдарт 100 жилийн ойн баяр наадам юу юунаас чухал. Увсын бөхчүүд тэгш ойд одтой барилддагийг батлан харуулах боломж түүнд бүрэн дүүрэн бий. Отгон аваргадаа хорвоод мэндэлсэн өдрийн мэнд хүргэе!