Спортын алдартнууд энгэрээ мялаав
Монголын Үндэсний Олимпийн Хорооны түүхт 65 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Тэгвэл энэхүү ойн хүрээнд өнөөдөр спортын салбарт олон жил өндөр амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшууллаа.
Үүнд бодибилдинг фитнесийн “Старс” клубийн тамирчин ОУХМ Галсангийн Гансаруулыг “Алтан-Очир” одонгоор, “Хасу мегастарс” клубийн тамирчин Тогтохын Дэлгэрмааг “Олимпийн Алдар” одонгоор шагналаа. Г.Гансаруул нь бодибилдинг фитнессийн спортоор 2012 оноос хичээллэж, хот улсын чанартай тэмцээнүүдээс тогтмол медаль хүртэж, олон улс, тив дэлхийн тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлсэн юм. Харин “Хасу мегастарс” клубийн тамирчин Т.Дэлгэрмаа нь ширээний теннисний спортын дэд мастер цолтой бөгөөд байгууллага хамт олноо төлөөлөн томоохон тэмцээнүүдэд оролцохоос гадна эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнүүдэд удаа дараа амжилттай оролцсон юм.