Хяналтгүй газар “эзэн” суусан Д.Занданбатын 1.3 тэрбумын үнэтэй тэнэглэл
Төрийн өмчийн компаниудын тансаглал хэрээс хэтэрч байгаа талаарх шүүмжлэл өнгөрсөн хугацаанд эрчимтэй өрнөсөн. Тэр ч бүү хэл байнгын алдагдалтай ажилладаг тэдгээр компаниуд цаашид үйл ажиллагаа явуулах шаардлагатай эсэх талаар байнгын хорооны түвшинд ч яригдаж байсан юм.
Тэгвэл төрийн өмчийн компаниудаас дутахааргүй тансагладаг, идэш ууш нь дийлдэхээ байсан газар байна. Төрийн байгууллага болон төрийн өмчийн компаниудад шалгалт хийж, төсвийн зарцуулалтад хяналт тавьдаг өнөөх Аудитын байгууллага өөрөө төсвийн мөнгийг тэрбумаар нь цацаж байна.
Тодруулбал, Аудитын байгууллага өнгөрсөн онд комьпютер, үг үсгийн алдаа засагч програмын лиценз, сургалтын хавтас, байрны түрээсэнд нийт 1.3 тэрбум төгрөг зарцуулсан нь баримтаар ил болсон. Үндэсний аудитын газар УИХ-ын өмнө ажлаа тайлагнадаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд аль байгууллагын ямар хууль бус төсвийн зарцуулалтыг ил болгов.
Тэд юу хийв. Төрийн өмчит компаниудын тансаглалын асуудлыг иргэн л ил болгосон. Бүхэл бүтэн 330 гаруй хүний бүтэцтэй, жилд улсын төсвөөс 9 гаруй тэрбумын татаас авдаг байгууллага иргэнээс дор ажилладаг гээд л бод. Төрийн мөнгөний зарцуулалтыг хянадаг байгууллага нь өөрөө шаардлагагүй зүйлд төсвийг баруун солгойгүй ямар ч хяналтгүй цацдаг юм чинь төрийн бусад байгууллагынх илрэхгүй, далд үлддэг нь аргагүй ч юм шиг.
Ер нь Үндэсний аудитын газар гэгч ямар ч хяналтгүй байгууллагад иргэний байгууллага, эдийн засагч, мэргэжлийн байгууллагынхнаас бүрдсэн хяналт оруулбал яасан юм.
Тус байгууллагыг удирддаг Д.Занданбатын хувьд өмнө нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, Г.Занданшатарын түлхээс гэгддэг. Мэдээж энэ бүхнийг даргын үүрэг чиглэлгүй хийх аргагүй болов уу.
А.Болд