ЭМЯ: 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:
-2021 оны гуравдугаар сарын 02-нд нийт 17529 сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Улаанбаатар хотод нийт 2187 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр улсын хэмжээнд багц халдварын батлагдсан тохиолдол 2513 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд клиникээс 30 хүн эдгэрч, гэртээ гарсан. Монгол Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 3032 болж, 2360 хүн буюу 78 хувь нь эдгэрсэн.
Шинээр халдвар авсан 32 хүний 23 нь ажиглан тусгаарлалтад байсан бол найм нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илрүүлсэн хавьтлуудаас өвчлөл бүртгэгдсэн. Харин нэг хүний халдварын эх уурхайг тодруулж байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудыг дүүргээр нь танилцуулбал, Баянзүрх 14, Сүхбаатарт нэг, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Хан-Уул дүүрэгт 13 тохиолдол бүртгэгдсэн.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 657 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд хоёр, хүнд долоо, хүндэвтэр 57, хөнгөн 591 хүн эмчлэгдэж байна. Иргэд олон хүнтэй газар, хүнсний зах, худалдаа үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ зай барьж, амны хаалтыг сайтар зүүх хэрэгтэй байна.