Ерөнхий сайд төмөр замын төсөлтэй танилцаж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Богдхан төмөр замын трасс болон “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилтай өнөөдөр /2021.02.09/ танилцаж байна.
Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар төмөр замын бүтээн байгуулалт хийх явцад хамгийн их асуудал үүсэх магадлалтай зүйл нь газар чөлөөлөлт гэдгийг Ерөнхий сайдад дуулгалаа.
Учир нь, Хөшигийн хөндийг тусгай хамгаалалтад авсны дараа ч газрын зөвшөөрөл олгосон зөрчлүүд гарсаар байгаа юм байна. Харин Ерөнхий сайд Төв аймгийг Дархан шиг хот болох ёстой гэдгийг хэлсэн юм.
Төмөр замын 369 дэх км-т байрлах Давааны зөрлөгт Богдхан төмөр замын трасс дайрч өнгөрөх юм байна. Богдхан төмөр замын трассаар төмөр замын бүх ачаа тээврийн 60 хувь дамжин өнгөрдөг. Уг төмөр замын ТЭЗҮ-г гаргахаар тендер зарласан, өртгийг 1.5 сая ам.доллароос 500 сая ам.доллар байна гэж урьдчилсан байдлаар тооцоолжээ.
Богдхан төмөр замын трасс ашиглалтад орсоноор Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас тээвэрлэдэг төмрийн хүдэр зэрэг экспортын бараа, ОХУ-аас БНХАУ руу явдаг транзит ачаа тээвэр ч энэ трассаар явах юм байна.