Ерөнхий сайд У.Хүрэлсүх уучлал гуйв
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу орон нутагт байгаа нийслэлийн иргэдийг татах, орон нутгаас нийслэлд гацсан иргэдийг нутаг буцаах ажил үргэлжилж байгаа. Энэ хүрээнд Архангай аймгаас нийслэлд ирж, 22-ын товчоон дээр гацсан иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд эрдэнэт хүний алтан амь эрсэдсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс уучлал гуйв. Тэрбээр өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр “Бид түүхэндээ улсын хэмжээнд анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, зарим аймагт тэг зогсолт хийсэн. Энэ асуудлыг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй зүйл олон байсан. Төрийн албан хаагчдын ажлын уялдаа холбоо жигдрээгүйгээс зарим алдаа гарсан. УОК онцгойлон анхаарч, хариуцлагаа сайжруулах ёстой. Хүний алтан амь нас хохирсон, ард иргэдийг бухимдуулсанд Монгол Улсын Засгийн газар албан ёсоор уучлал гуйж байна” гэсэн юм.
Улсын онцгой комисс, нийслэлийн онцгой комисс, аймгийн онцгой комисс, үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын үл ойлголцлоос болж, Архангай аймгаас ирсэн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан асуудлыг шалгаж, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг Улсын онцгой комисст үүрэг өгч, ажиллаж байгаа юм. Мэдээж эрдэнэт хүн амиа алдсан харамсалтай хэрэгт хариуцлага тооцох, цаашид ажлын уялдаа холбоогоо сайжруулах шаардлага байгаа ч хаа хаанаа анхаарч ажиллах ёстойг Ерөнхий сайд хатуу анхааруулав.