Хөл хориог 3 хоног сунгаж, цаашид сулруулна

Нийтэлсэн: Админ 2020-12-08 8:12:00

Засгийн газрын хуралдаанаар хөл хориог сулруулах, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар нээлттэй хэлэлцэж байна.

 

"АРХАНГАЙ, СЭЛЭНГЭ АЙМАГТ ХАТУУ ХӨЛ ХОРИОГ 10 ХОНОГ СУНГАНА"

УОК-ын дарга, Шадар сайд Я.СОДБААТАР:

-Бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттай бууруулах нь зөв гэж үзлээ.

Нийслэлд тогтоосон гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл буюу 3 хоногоор сунгах.  Энэ хугацаанд аж ахуй нэгж, иргэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх, бэлтгэл ажлыг хангуулна.

Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг үргэлжлүүлэн арванхоёрдугаар сарын 21-ний 06.00 цаг хүртэл хугацааг сунгах.

Архангай, Сэлэнгэ аймагт хөл хорио дуусгавар болоход өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуусахад,  хэсэгчилж тавих гэсэн саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна гэв.

Арванхоёрдугаар сарын 14-өөс эхлэн үе шаттайгаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байна. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэлийн удирдлагуудын санал болгосноор 34 үйл ажиллагаа буюу такси, авто засвар, ресторан, кофе шоп, ахуйн хэрэглээний барааны салбар, нүдний шил засвар гэх мэт байгууллагуудыг үе шаттай нээнэ гэсэн саналыг Нийслэлийн онцгой комисоос ирүүлсэн. Цаашид 10 хоногийн дараа 20 орчим үйлчилгээний байгууллага байгаа ч халдварын тархалт өндөртэй байгууллагуудыг нээх эсэх асуудлыг судалж байна. Ер нь иргэдийн амьдрал ахуйтай уялдуулж, 10 хоногийн зайтай аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг үе шаттай нээхээр ажиллаж байна.

"ДАВАА ГАРИГААС ЭХНИЙ ЭЭЛЖИНД 34 ЧИГЛЭЛИЙН  ҮЙЛЧИЛЭЭГ НЭЭНЭ"

Хотын дарга Я.СУМЪЯАБАЗАР:

-Хөл хориог сулруулж байгаатай холбогдуулан нийт 52 төрлийн үйлчилгээнд эрсдэлийн зэрэглэл тогтоож, эхний ээлжинд 34 байгууллагын үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн эхлүүлэх саналтай байгаа. Хими цэвэрлэгээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, барилгын материалын худалдаа, авто зогсоол, такси үйлчилгээ зэрэг байгууллагыг нээхээр болж байна.

"ХҮНИЙ АЛТАН АМЬ НАС ХОХИРСОН, АРД ИРГЭДИЙГ БУХИМДУУЛСАНД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР АЛБАН ЁСООР УУЧЛАЛ ГУЙЖ БАЙНА"

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ:

-Ирэх Даваа гаригаас эхлэн бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа нээж эхэлнэ. Бид бүх нийтийн бэлэн байдлын дэглэмд шилжүүлж, хатуу хөл хорио тогтоогоод 3 долоо хоног болж байна. Энэ хугацаанд халдвар хамгааллын хүрээг хумих, өвчлөлийн ойрын хавьтлыг тогтоож, 554832 мянган хүнээс шинжилгээ авч, тандалт хийсэн. Энэ их ажлын үр дүнгээс харахад халдвар шинээр илрэх, халдварын тоо буурсан, тогтоосон голомтуудаа цурманд оруулсан гэж үзэж, хөл хориог сулруулж, зарим үйл ажиллагааг нээхээр болж байна. Ард иргэд хатуу дэглэмийг сайн сахисны үр дүн гэж үзэж байна. Улсын онцгой комиссын саналыг үндэслэн бүх нийтийн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, зарим аймагт 10 хоног хуучин дэглэмийг үргэлжлүүлнэ. Бид аль болох богино хугацаанд шуурхай арга хэмжээ авч чадсаны үр дүнд тархалтыг цурманд оруулсан. Түүхэндээ улсын хэмжээнд анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, зарим аймагт тэг зогсолт хийсэн. Энэ асуудлыг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй зүйл олон байсан. Төрийн албан хаагчдын ажлын уялдаа холбоо жигдрээгүйгээс зарим алдаа гарсан. УОК онцгойлон анхаарч, хариуцлагаа сайжруулах ёстой гэж, ажиллаж байна. Хүний алтан амь нас хохирсон, ард иргэдийг бухимдуулсанд Монгол Улсын Засгийн газар албан ёсоор уучлал гуйж байна. Аюулт, цар тахлыг таслан зогсоохоор Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, төрийн бус байгууллагууд, иргэдтэйгээ хамтран ажиллаж чадсан. Юуны түрүүнд өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байгаа УОК-ын шийдвэрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бүх шатны төрийн албан хаагчдад талархал илэрхийлье. Хамгийн гол нь ард иргэдийг сахилга, хариуцлага маш чухал байлаа. Цаашид бид тодорхой хязгаарлалтыг үргэлжлүүлж, тодорхой үр дүнд хүрнэ. Дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг харж байхад  иргэдийн сахилга бат, хариуцлага хамгийн чухал шүү гэдгийг сануулж хэлэхийг хүсч байна. Сахилга батын вакциныг бид хэрэгжүүлэх ёстой. Дараагийн шатанд бид вакцинжуулах ажлыг тодорхой үр дүнд хүргэхийн тулд, Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. ДЭМБ-аас зөвшөөрсөн хамгийн чанартай эм, вакциныг оруулж ирэхийг эрмэлзэж, бүх хүч чадлаа дайчлан ажиллана. Монголчууд бид аюулт гамшиг, тахлыг хамтын хүчээр туулж гарсан түүхэн туршлагатай.

Цаашид,

Эрүүл мэндийн салбарын хүчин чадал, нөөцийн судалгааг дахин хийж, ялангуяа эмч нарын нөөцөд анхаарч, бэлэн байдлыг хангах.

ПСР шинжилгээний хариу гарах хүчин чадлыг нэг өдөр 100 хариу гаргахыг ойрын хугацаанд зохион байгуулах.

Улс, нийслэл, аймгийн Онцгой комисс гаргасан шийдвэрийнхээ гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг хийх ёстой. Гаргасан шийдвэр заавал хэрэгжих ёстой. Өдөр шөнөгүй ажиллаж байгаа ч эх орны өмнө хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэх ёстой.

ХӨСҮТ, хил, гаалийн хяналтыг онцгой сайжруулах. Өвчин гарсан газрууд, хил, боомт дээр анхаарлаа чангатгах.

Цар тахлын талаарх үнэн зөв, бодит мэдээллийг иргэдэд цаг алдалгүй хүргэх. Халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллийн давтамжийг сайжруулах.

Бүх шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулах. Гаргасан шийдвэрүүд хэрэгжиж, ард иргэдэд бухимдал үүсгэж болохгүй. Хүнлэг сайхан харилцаанд зай завсар бий болж байгаа учраас иргэд бухимдалтай байгаа.

Маск зүүх, гараа ариутгах, хүн хоорондын зай барих, аль болох гэрээс гарахгүй байх зэрэгт иргэд анхаархыг уриалж байна.

Дэглэм бууруулж байгаа учраас аж ахуй нэгж, иргэдийн хариуцлагын асуудал чухал. Аль болох халдварын тархалтыг бууруулж, дэглэмээ бууруулж байгаа учраас хамтын ажиллагааны үр дүнд өнөөдрийн олсон амжилтаа баталгаажуулна. Иргэд бас бие биедээ маск зүүх, зай барих зэрэг шаардлага тавих хэрэгтэй.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

НЭМЭЛТ: 08.10

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын онцгой комиссоос ирүүлсэн хатуу хөл хориог гурав хоногоор сунгах саналыг хэлэлцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс нийслэлд зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөжээ.

Мөн тусгаарлалтын 21 хоногийн хугацааг 14 хоног болгож, гэрт нь 7 хоног тусгаарлах зохицуулалт хийх саналыг УОК-оос хүргүүлжээ.

УОК: ХӨЛ ХОРИОГ 3 ХОНОГ СУНГАХ САНАЛ ГАРГАЖЭЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.12.09/ Төрийн ордонд 08.00 болно. Хуралдаанаар Улсын онцгой комиссоос гаргасан бүх нийтийн бэлэн байдлын хугацаа буюу хатуу хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэх юм. Улсын онцгой комиссын зүгээс хатуу хөл хориог гурав хоног сунгах санал гаргаж, арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээх саналыг Засгийн газарт хүргүүлжээ.

Харин Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээх санал, бусад аймгийн бэлэн байдлын зэргийг сулруулахаар саналуудыг Засгийн газарт хүргүүлжээ.

Мөн Засгийн газрын хуралдааныг 10.00 цагаас эхлэн шууд дамжуулахаар болсон байна.