Сурагчдын амралтыг арванхоёрдугаар сарын 18-аас эхлүүлнэ

Нийтэлсэн: Админ 2020-11-23 8:00:00

"ЦАГААННУУРЫН БООМТЫГ ӨНӨӨДРӨӨС НЭЭЖ ЭХЭЛСЭН"

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.

ШАДАР САЙД Я.СОДБААТАР:

-Төсвийн ерөнхийлөн захирагч нарт хэмнэж байгаа зардлаа коронавирусийн цар тахалтай тэмцэхэд зарцуулах эрх олголоо. Мөн арванхоёрдугаар сарын 1-ээс хойш боловсролын бүх шатны байгууллага танхимын хичээл орохгүй, цэцэрлэг, ЕБС арванхоёрдугаар сарын 18-н хүртэл онлайнаар хичээллэж,  2021 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл сурагчдыг амраах шийдвэр гаргасан байна. Харин их, дээд сургуулиуд нэгдүгээр сарын  5-ныг хүртэл онлайн хичээл орж, 2021 оны хоёрдугаар сарын 15-н хүртэл ээлжийн амралтыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Цагааннуурын боомтыг өнөөдрөөс гаригийн зохицуулалттай нээж байна. ОХУ-тай хиллэдэг боомтуудын үйл ажиллагааг зогсоосон байгаа. Сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт ажиллуулж байгаа. Үүгээр зөвхөн нефтийн бүтээгдэхүүн оруулж ирнэ. Жолооч нар өдөр 12.00 цагаас өмнө орж ирээд өдөртөө буцаж гарах зохицуулалт хийж байгаа. Булган, Шивээхүрэн, Ханги, Бичигтийн боомтын үйл ажиллагаа хэвийн явж байгаа. БНХАУ-ын тал жолооч нарыг хонуулахгүй байх, шинжилгээнд хамруулсан байх гэсэн шаардлагуудыг тавьж байна. Энэ шаардлагыг тухай бүрд нь шийдээд явж байгаа.

Мөн Засгийн газрын хуралдаанаас covid-19-ийн цар тахалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Шадар сайд Я.Содбаатарын хэлснээр,

  • Дорноговь аймагт халдвар тархсан тул дахин нэг лаборатори суурилууллаа. Энэ аймаг манай улсын экспортын гол гарцуудын нэг.  Иймд Цагаан хадны жолооч нарыг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулна.
  • Орны бэлтгэл ажилд нийт 2 тэрбум 650 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг  зарцуулж, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлгүүдэд суурилууллаа.
  • Махны худалдаа жигдэрсэн тул өнөөдрөөс нөөцийн махны худалдааг зогсоож байна.
  • Энэ сард нийт 1.2 сая хүүхдэд 119 тэрбум төгрөгийн мөнгийг олгоод байна.
  • Төмөр зам дагасан халдвар тархсан тул УБТЗ-ын 15 мянган хүнийг шинжилээнд хамрууллаа. Ажилтнуудыг шинжилгээнд хамруулах ажил дуусах шатандаа орлоо.
  • ОХУ-тай хиллэдэг боомтуудыг хаасан. Харин Цагааннуур боомтоор гаригийн зохицуулалттайгаар нефть нэвтрүүлж байна. Гэхдээ Баян-Өлгий дэх энэ боомтоор нэвтэрсэн жолооч нар өдөртөө буцаад гарах ёстой. Энэ боомтоор ирэх жолооч нарт заавал шинжилгээ өгөх шаардлага тавина.  Боршоо хаалттай хэвээр байна. Хэдий эрсдэлтэй ч бид нефть оруулахгүй бол энэ үнэ өсөх эрсдэлтэй.
  • Улсын хэмжээнд 44 мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэйг тогтоосон. Иймд ХНХЯ өрхүүдэд хүнсний талон тараалаа.

"ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ НУТАГ БУЦААХ ТҮР ЖУРАМ БОЛОВСРУУЛСАН"

Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Орон нутгийн иргэдийг гаргах ажлыг яг хэзээнээс зохион байгуулах вэ. Ямар зохион байгуулалт, зохицуулалт хийхээр төлөвлөж байна вэ?

-Иргэдийг орон нутаг руу буцаах түр журмыг боловсруулсан. Гэвч мэргэжлийн хүмүүс тэднийг зохион байгуулалтгүйгээр явуулбал 21 аймагт халдвар тархах эрсдэлтэйг анхааруулж байна. Улаанбаатар руу 11 мянган хүн ирэх хүсэлтэй байна. Зөвхөн нийслэлд орон нутгаас томилолтоор, эмчилгээнд гэх мэт шалтгаанаар ирсэн төрийн албан хаагчийн тоо 1700 орчим байна. Тэгэхээр маш олон хүн энд гацсан. Тэд эхлээд шинжилгээ өгөх ёстой. Дараа нь хаашаа явах вэ гэсэн мэдээлэл маш нарийн яг таг бүртгэгдсэн байх ёстой. Хэрэв тэд автобусаар явбал нэг автобусанд 12 хүн л сууна. Ийм бэлтгэл ажлуудыг хийж байна. Өвөрхангай аймгийн 4000 орчим иргэн энд иржээ. Хэрэв тэд гэртээ харьбал аймгийн бүх хүн эрсдэлд орно. Ийм шалтгаанууд байгаа тул би тодорхой өдөр хэлж чадахгүй байна. Улаанбаатар хотын голомтыг бүрэн хяналтдаа авсны дараа хөдөө орон нутгийн иргэдийн асуудлыг шийднэ. 119.mn гэсэн аппликейшнд бүх нарийвчилсан мэдээлэл орно. Яаж бүртгүүлэх, иргэд хаанаас хаа хүрч байгаа, ямар унаанд сууж, хаана буусан, хэнтэй харьцсан гээд бүгдийг нь хянах боломжийг бүрдүүлнэ. Иргэд явахаасаа өмнө шинжилгээ өгнө. Улаанбаатар 102 цэгт шинжилгээ авч байгаа бөгөөд аппликейшнаар хаана шинжилгээ өгөхийг нь мэдээлнэ. Тэрнээс өмнө хаа хамаагүй газар очиж шинжилгээ өгөхгүй. Шинжилгээний дүн 24 цагийн хугацаанд хүчинтэй учраас нарийн зохион байгуулалттайгаар шинжилгээ өгөх цаг, газрыг иргэдэд мэдээлнэ.

-Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд ямар хяналт тавьж байна вэ. Өндөг 470 төгрөг болж өссөн. Ургамлын тос 4500 төгрөг байсан бол 6000-7000 төгрөг болсон байна?

-Хүнсний бүтээгдэхүүүний үнэ тогтвортой байгаа. Бид хөл хорионы хугацаанд хүнсний нөөцийн хангамжинд анхаарал хандуулж ажилласан. Түмэн шувуут, НВЦ компани өдөрт 520-550 мянган ширхэг өндөг нийлүүлж байна. Энэ хоёр компани үнээ нэмээгүй. Үнийн өсөлтөд МХЕГ, ШӨХТГ хяналт тавьж байгаа. Ургамлын тосны импортын хамааралтай учир гадаад зах зээлттэй холбоотойгоор өссөн. Махны нийлүүлэлт хэвийн байдалд шилжиж, үнэ тогтворжсон. Нийслэлд өдөрт дунджаар 550-600 тонн мах орон нутгаас орж ирж байгаа учир өнөөдрөөс эхлэн нөөцийн махны нийлүүлэлтийг зогсоосон. Хөл хорионы хугацаанд нийслэлд 494 тонн мах нийлүүлсэн, эрэлт тогтворжсон гэлээ.

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ, ДЭМЖЛЭГ ШААРДЛАГАТАЙ ӨРХӨД ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ӨГНӨ 

Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдын хоолонд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүнийг цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хуваарилахаар болов. Ингэхдээ боловсролын байгууллагын гаргасан судалгааг үндэслэх юм. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан судалгаанаас үзвэл улсын хэмжээнд 44,282 /үүний 18,646 нь цэцэрлэгийн, 25,636 нь ерөнхий боловсролын сургуулийн/ хүүхэд хүнс, хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй байна. Улсын хэмжээнд төрийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, “Үдийн цай” хөтөлбөрт зарцуулахаар нөөцөлсөн нийт 3,7 тэрбум төгрөгийн үнэ бүхий мах, гурил, төмс, хүнсний ногоо, будаа, бусад бүтээгдэхүүн байгаа судалгаа гарчээ.

"25 СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРАНД 209 ХҮҮХЭД АМЬДАРЧ БАЙНА"

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал теле болон цахим хэлбэрээр зааж, сурагчдыг 2021 оны 02 дугаар сарын 1 хүртэл амраах шийдвэрийг хэвээр үлдээв. Их, дээд сургууль, коллежийн оюутнууд 2021 оны  нэгдүгээр сарын 5 хүртэл цахимаар хичээллээд 2021 оны  хоёрдугаар сарын 15 хүртэл амарна. Үүнээс өмнө орон нутгийн оюутнуудыг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж нэгдсэн зохион байгуулалттайгаар нутаг буцаах юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш улсын хэмжээнд цэцэрлэгийн 247 мянга, ерөнхий боловсролын сургуулийн 680 гаруй мянга, их, дээд сургууль, коллежийн 147 мянга гаруй оюутан хөл хорио, хязгаарлалтад байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш теле болон цахим хэлбэрээр хичээлээ үзэж байгаа бөгөөд хамрагдалт 67.5 хувьтай гэж гарчээ. Теле хичээл, цахим сургалтад хамрагдах боломжгүй хүүхэд, сурагчдад хичээлийн агуулгыг хүргэх, сургууль завсардахаас сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэлийн Боловсролын газар ажиллаж байна. Багш нар хариуцсан анги, хүүхэдтэйгээ холбоотой байж, дасгал, даалгаврыг нь  хэрхэн хийх талаар хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нарт нь зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн танилцуулав. 2020 оны арваннэгдүгээр сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургуулийн дотуур байранд 209 хүүхэд амьдарч байна. Хүүхдүүдэд тэжээллэг, амин дэмээр баялаг хоол, хүнсээр үйлчлэх, цэвэр ус уух боломж бүрдүүлэх, ам, хоолойг нь сод, давсны уусмалаар тогтмол зайлуулах зэргээр ажиллаж байна. Улсын хэмжээнд их, дээд сургуулийн 71 оюутны байранд 11,359, түрээсийн байранд 18,687 оюутан амьдардаг гэсэн судалгаа гарчээ.

Товч мэдээ

  • 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд 640 тохиолдол батлагдсан. Үүнээс 340 хүн эдгэрсэн бол ажиглалтад 28, ажиглалт, тандалт нь дууссан 312 хүн байна. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 293 хүний 48-ынх нь биеийн байдал хүндэвтэр, 245 хүнийх хөнгөн байна.
  • Батлагдсан төсвийн хэмнэлтийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засаг үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр зарцуулах эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгов.
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд 10,3 мянган тн мах, 125,1 мянган тн гурил, 7,9 мянган тн төрөл бүрийн будаа, 1,4 мянган тн хуурай сүү, 2,1 сая ширхэг өндөг, 1,4 мянган тн ургамлын тос, 101,1 мянган тн төмс, 42,7 мянган тн хүнсний ногоо, 4,9 мянган тонн элсэн чихрийн нөөцтэй байна. Энэ нь нөөц хэвийн хэмжээнд байна гэсэн үг юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

НЭМЭЛТ: 14.10

Засгийн газрын хуралдаан эхэллээ. Хуралдааны дараа Улсын онцгой комисс хуралдаж магадгүй гэх мэдээлэл байна.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАНА

Засгийн газар өнөөдөр /2020.11.23/ 14:00 цагаас ээлжит бус хуралдаан зарлажээ. Хуралдаанаар цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Өнгөрөгч Лхагва гаригийн /2020.11.18/ ээлжит хуралдаанаар Засгийн газраас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргасан билээ. Үүний хүрээнд 23 багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон.

Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг  бид эргэн мэдээлнэ