Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр (2020.11.18) Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт гээд дотооддоо халдварын 30 тохиолдол бүртгэгдээд байгааг онцолж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр нийтдээ улсын хэмжээнд 12 мянган хүн дэг журам сахиулж буйг мэдээллэв. Хүнс, эмийн хангамж хангалттай хэмжээнд нөөцөлсөн учраас зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг ард иргэдэд уриаллаа. Мөн богино хугацаанд цар тахлын тархалтыг тогтоон барьж, богино хугацаанд эдийн засгаа сэргээхийг зорьж байна гэв. Монгол Улсын Засгийн газраас айл, өрх, аж ахуйн нэгжийн орлого, ажлын байрыг хамгаалах, эдийн засагт дэмжлэх үзүүлэх чиглэлээр нийт 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
ЗАСГИЙН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:
Иргэдийн амжиргааг дэмжих зорилгоор 18 хүртэлх насны хүүхдүүдэд олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр олгохыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хуульд заасан хугацаанд НДШ төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуй нэгж, байгууллагыг татвараас чөлөөлж, зохих шийдвэр гаргахыг даалгалаа.
2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд Албан татвар төлөгчийн хуулийн дагуу тайлангаа гаргасан төлбөл зохих татварыг хуулийн хугацаанд төлөөгүй бол торгуулиас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барина.
2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд худалдаа, үйлдвэр үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээсэлсэн түрээсийн төлбөрөө багасгасан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдвол бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуй нэгжийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл батлах.
2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд импортоор орж ирэх хүнсний будаа, ургамлын тос, өвс, малын тэжээл, хүнсний буудайн үрийг импортын бараа болон гааль, НӨАТ-ын татвараас, дотооддоо боловсруулсан өвс, тэжээлийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулна.
Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэлт, савлалт, хүргэлт, тараалтыг хэвийн явуулахыг холбогдох сайд нарт даалгав.
Ипотекийн зээлийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлд үндэслэн хойшлуулна. Зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалт хийнэ. 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ.
Ариджааны банк, Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль алданги тооцохгүй төлбөрийн чадварт нийцүүлэн хугацааг сунгана. 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Ашигт малтмал газрын тосны экспортлодог аж ахуй нэгжийг халдвар хамгааллын дэглэм сахих тусгай дэглэмд шилжүүлэх.
Монгол-Хятадын хилийн боомтын гарцыг нэмэгдүүлэх, ашигт малтмал газрын тосны бүтээгдэхүүний экспорт хэвийн горимд үргэлжлүүлэхийн тулд БНХАУ-ын талтай дипломат шугамаар шийдвэрлэх.
Ашигт малтмал, газрын тосны экспортыг хэвийн үргэлжлүүлэхийн тулд хилийн боомтуудыг онцгой дэглэмд бүрэн хүчин чадлаар ажиллуулах, Оюутолголгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордын хүрээнд тээвэр хийж буй жолооч нарыг бүрэн шинжилгээнд хамруулж, ногоон боомт болгон зарлаж, тээврийг хэвийн үргэлжлүүлэх үүрэг өглөө.
Монголд ирж буй бүх төрлийн шуудан, илгээмжийг ариутгал, халдваргүйжуулах арга хэмжээ авахыг даалгалаа.
2021 оны дуустал коронавирусийн цар тахалтай холбоотой эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалтыг НӨАТ, импорт, гаалийн татвараас чөлөөлсөн хуулийг олон нийтэд сурталчлах.
Татвар төлөгч 2020 оны татварын жилийн тайлангаар гарсан алдагдлыг татварын дараалсан дөрвөн жилийн хугацаанд аж ахуй нэгжийн орлогын татварыг хасч тооцох хуулийг иргэдэд таниулах.
Татвар, гаалийн байгууллагын цахим шилжилтийг эрчимжүүлж, иргэдтэй нүүр тулан ажиллахаас зайлсхийх, хөнгөн шуурхай иргэдэд үйлчлэх ажлыг эрчимжүүлэх.
Татварын өртэй татвар төлөгч, улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний төлбөрийн авлага, бусад татварын илүү төлөлттэй тохиолдолд тухайн татвар төлөгчийн хүсэлтээр татварын өрийг тухай бүр суутган тооцох.
Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг бизнесийг идэвхжүүлэх чиглэлээр үйл ажиллагааг идэвхжүүлэх.
Төсвийн болон төрийн байгууллага, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжид ажил үйлчилгээ, бараа материал нийлүүлсэн аж ахуй нэгжийн төлбөрийг нэн яаралтай хийж барагдуулах.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, дотоодын үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг дэмжих зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах, дотоодын бараа худалдан авахыг бүх төсвийн захиран зарцуулагч нарт даалгалаа. Эх оронч худалдан авалт хий.
Аж ахуй нэгжүүдийг тендер шалгаруулалтад оруулах боломжийг хангахын тулд одоо бэлэн байдлын хугацаанд зарласан тендер шалгаруулалтын хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний хүртэл сунгахыг төвийн захирагч нарт даалгав.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор хэмнэлтийн горимд шилжүүлж, цалин, тэтгэврээс бусад тэвчиж болох зардлыг эрэмбэлж, санхүүжүүлэхийг даалгалаа. Илүү зардал гаргахгүй.
Үйлдвэрлэл үйлчилгээ, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлээр эдийн засаг, төсөв санхүүгийн талаар авах талаар авах арга хэмжээний саналаа гаргаж, яаралтай шийдэхийг салбарын сайд нарт даалгалаа.
Хүн хооронд 2 метрийн зай барих, амны хаалт тогтмол зүүлгэх, үйлчлүүлэгч, ажилчдын биеийн халууныг үзэх, гар ариутгагч байрлуулах, халдваргүйжүүлэлтийг өдөр тутам хийх, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг олон түмэнд ил тод байршуулах, ЭМЯ-аас өгч байгаа зөвлөмж, шаардлага, иргэд олон нийтийн сэтгэл зүйг дэмжих, үндэсний эв соёлыг харуулсан нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг даалгавар болголоо.