МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн тавьсан хоригуудыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригуудыг хүлээн авах эсэхийг хэлэлцсэн байна.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжих тухай болон Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргааны тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
МАН-ын Бага хурлаас Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Бүлгийн хурлаас нэр дэвшигчээс асуулт авч, хариулт авснаар түүнийг 100 хувийн саналаар дэмжсэн.
Авлигын эсрэг хуулийн өөрчлөлтөөр АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байсныг Ерөнхий сайдын санал болгосноор томилдог болсон. Ерөнхийлөгч энэ өөрчлөлт дээр хориг тавьсан. МАН-ын бүлгээс энэ хоригийг хүлээн авах боломжгүй гэдэг шийдвэр гаргасан. Учир нь энэ бол Үндсэн хуулийн дагуу хийгдсэн өөрчлөлт юм. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд Ерөнхийлөгчийн хэрэгжүүлэх найман чиг үүргийг заасан. Үүнээс өөр чиг үүрэг хэрэгжүүлэхийг хориглосон. Хоёрдугаарт, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх нь зөвхөн Засгийн газрыг үүрэг гэж заасан байгаа.
Мөн Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирлагын тухай хуулиудыг дэмжих боломжгүй гэж үзсэн” хэмээв.