Венесуэл улс "Спутник V" вакцины үр дүнгийн талаар танилцуулжээ

Нийтэлсэн: Админ 2021-01-25 18:52:49

Венесуэлийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд Оросын "Спутник V" вакцины клиникийн туршилтад оролцсон сайн дурынханд гаж нөлөө илрээгүй гэж мэдээлжээ. Энэ талаар тус улс дахь вакцины судалгааны ажлыг удирдаж буй Венесуэлийн эмч Алексис Гарсиа Пинера хэлсэн байна. 

"Вакцины эхний тунг сайн дурын 200 гаруй оролцогчид тарьсан. Вакцин хийсний дараа толгой өвдөх, томуугийн шинж тэмдэг илрэх, тарьсан газар нь хөндүүрлэх гэх мэт бага зэргийн хүндрэлүүд үүссэн" гэжээ. Түүнчлэн сайн дурынхны дунд вакцин гаж нөлөө үзүүлж, нас барсан тохиолдол одоогоор  бүртгэгдээгүй гэсэн байна.  

"Бидний гаргасан үр дүн шинжлэх ухааны нийтлэлүүд болон Орос, Аргентины вакцины үр дүнтэй тохирч байна" гэжээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Венесуэлийн дэд ерөнхийлөгч Дельси Родригес ОХУ "Спутник V" вакцинаас 10 сая тунг тус улсад нийлүүлэхээр болсон талаар мэдээлсэн байна.

Эх сурвалж: ТАСС