IJF-ийн онцлох "Топ-6" тамирчин
Өнөөдөр Катар Улсын нийслэл Доха хотод энэ оны IJF-ийн цуврал тэмцээнүүдийн хамгийн эхний тэмцэээн болох “Мастерс” тэмцээн эхлэх гэж байна. Тэмцээний хэсгийн барилдааныг IJF-ийн албан ёсны вэбсайтаар (ijf.org) дамжуулан үзэх боломжтой. Тэгвэл тус тэмцээнд 14 жинд оролцож буй нийт 399 тамирчдаас олон улсын жүдо бөхийн холбоо онцолж тэмцээнийхээ танилцуулга баннер дээр байршуулсан топ 6 тамирчдыг танилцуулъя.
Роберт Мшвидобадзе (ОХУ)
ДАШТ-ий мөнгөн медальт Гүрж гаралтай түүний хувьд -60кг-г чансаагаараа тэргүүлж А хэсгийг толгойлон барилдахаар болсон. Оны сүүлчээр зохион байгуулагдсан Европын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож түрүүлээд ирсэн түүний хувьд Мастерсын хошой аварга болох зорилготой.
Мануэль Ломбардо (Итали)
-66кг жинд дэлхийн чансааг тэргүүлэгч түүний хувьд мэдээж А хэсгийг тэргүүлнэ. Өмнөх Мастерс тэмцээний аварга тэрээр аваргаа хамгаалж Мастерсын хошой аварга болох зорилготой барилдана.
Саид Моллай (Монгол)
Иран болон Израиль улсуудын хоорондын асуудлаас болж эх орноо төлөөлөн барилдах боломжгүй болсон тэрээр манай улсын иргэншлийг авч 2019 оноос эхлэн барилдаж эхэлсэн билээ. Мастерс тэмцээнээс өмнө нь ямар нэгэн медаль хүртэж байгаагүй тэрээр тэмцээний 2 дахь өдөр дэвжээн дээр гаран барилдана.
Дарья Билодид (Украин)
Дөнгөж 20 настай ч гэлээ аль хэдийнээ дэлхий дахинд танигдаад буй дэлхийн хошой аварга Ураины жүдо бөхийн залуу од түүний хувьд -48кг-н жинд С хэсгийг толгойлон барилдана. Мөн МУГТ М.уранцэцэг түүнтэй нэг хэсэгт хуваарилагдан орсон бөгөөд хэсгийн аваргын төлөө хоорондоо учраа таарах өндөр магадлалтай байна.
Амандин Бюшар (Франц)
ДАШТ-ий хошой хүрэл медальт, Мастерсын гурван удаагийн мөнгөн медальт түүний хувьд Дохад Мастерсын анхны алтан медалиа хүртэхээр ирсэн. Тэрээр оны өмнө зохиогдсон Будапештын Гранд Сламын аваргын алтан медалийн төлөө дэлхийн хошой аварга Японы Абэ Утаг ялж дэлхий нийтийг шуугиулсан билээ. -52кг-г чансаагаа тэргүүлсэн учир А хэсгийг тэргүүлэн барилдана. Ташрамд дурдахад ОУХМ Б.Хорлоодой түүний толгойлсон А хэсэгт ороод байгаа билээ.
Идалис Ортис (Куба)
Эмэгтэйчүүдийн хүнд жин буюу +78кг-ийн Олимпын аварга, дэлхийн хошой аварга, Пан Америкийн 11 удаагийн аварга түүний хувьд дэлхийн чансааг тэргүүлж байна. Түүний хувьд Мастерсын хошой аварга болохын тулд А хэсгийг тэргүүлэн тэмцээний сүүлийн өдөр барилдана.
А.Болд