ИЛ ЗАХИДАЛ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх,
Монгол Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл,
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон,
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга Танаа
Дэлхий нийтийг хамарсан COVID19 цар тахал дотоодод халдварлаж, Монгол Улс амаргүй нөхцөл байдалд орсныг уурхайчид бид гүнээ ухамсарлаж байна. Улс орны төдийгүй айл өрхийн эдийн засаг хүндэрч байгаа энэ цаг үед уул уурхайн салбарт ажиллаж байгаа мянга мянган уурхайчид зогсолтгүй ажиллаж Монгол Улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа нь үнэн. Гэвч эдийн засгийн энэ хүнд хэцүү үед Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн уурхайн ажилчид бид орлогогүй, ажлын байргүй болоод яг хагас сарын хугацаа өнгөрч байна. Хэдийгээр төр, засгийн зүгээс эрчим хүчний тарифыг тэглэх, хүүхдийн мөнгийг өсгөх зэргээр иргэд бидэнд дэмжлэг болох алхмуудыг хийсээр байгаа ч ажлын байраа хамгаалж үлдэх нь бидний хувьд юу юунаас чухал байгаа учраас энэхүү Ил захидлыг бичиж байна. Монгол Улсад Уул уурхайн салбар хөгжсөний түүхэн ой, Уурхайчдын баярын өдрөөр ийм захидал бичиж буй нь туйлын харамсалтай байгааг тэмдэглэе.
Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байрлах манай уурхайд 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өглөөний 08:00 цагийн орчимд уурхайн үйлдвэрийн нягтаршуулан хамгаалсан талбайд цианид натрийн ядуу уусмал асгарсан үйлдвэрлэлийн осол болсон билээ. Гэвч энэхүү үйлдвэрлэлийн осол болсон өдрөөс хойш уурхайг хааж, уурхайчид бид сул зогсолт хийж ажилгүй, орлогогүй болоод байна. Уг нь уурхайн осол гарахад бид шугамд гарсан гэмтлийг хугацаа алдалгүй илрүүлж, урсгалыг зогсоон орчныг бүрэн аюулгүй болгож, холбогдох төрийн байгууллагуудад мэдэгдсэн. Техникийн осол гарсан учраас сум орон нутгийн удирдлага, мэргэжлийн хяналт зэрэг холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэж ажиллах нь бидний үүрэг гэж үздэг. Энэ дагуу гэмтэл гарсан газарт Завхан аймгийн Цагдаагийн газар, Мөрдөн байцаах тасаг, Экологийн асуудал хариуцсан мөрдөн байцаагч, Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Дөрвөлжин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Байгаль орчны байцаагч, Байгаль хамгаалагч, Мэргэжлийн хяналтын газраас бүрдсэн шуурхай ажлын хэсэг холбогдох арга хэмжээнүүдийг авч ажилласан билээ. Түүнээс гадна Байгаль орчин аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын бүрэлдэхүүнийг багтаасан “Шуурхай бүлэг” цаг алдалгүй Завхан аймгийн Дөрвөлжин суманд ажиллаж холбогдох арга хэмжээг газар дээр нь авсан. Газар дээр нь ирж ажилласан Улсын онцгой комиссоос томилсон “Шуурхай бүлэг”-ийн зүгээс "Хүн, мал, байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг арилгаж ажилласан, тухайн үед хийгдэх ёстой авран хамгаалах ажлыг хийжээ" гэж мэдэгдсэн. Мөн хөрсний 18 дээж, усны 5 дээжийг шинжлүүлэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт явуулж, эхний байдлаар "Гүний усанд ямар нэгэн хохирол гараагүй" гэсэн дүн гарсныг “Шуурхай бүлэг”-ийн дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр танилцуулсан билээ.
Төрийн байгууллагуудын хамтарсан “Шуурхай бүлэг” ажиллаж, ингэж холбогдох урьдчилсан дүгнэлтээ танилцуулсан боловч уурхайн үйл ажиллагааг хэзээ эхлүүлж, уурхайчдыг хэзээ ажлын байртай, орлоготой болохыг тодорхой хэлж өгөхгүй байсаар хагас сарын хугацаа өнгөрлөө. Бид уурхайн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудаас ажлын байраа хадгалж үлдэхийг хүсч, уурхайн үйл ажиллагааг хэзээ эхлүүлэхийг лавлах бүрт “Төр засгийн шийдвэрийг хүлээж байна” гэсэн ганцхан хариултаас өөр зүйл сонсохгүй өдийг хүрлээ. Тиймээс ч төр, засагтаа хандаж энэхүү ил захидлыг илгээж байгаа юм.
“Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн уурхайд 470 гаруй хүн ажилладаг. Бид ар гэрийнхнээ оруулж тооцвол 2000 гаруй хүн амьдралаа энэ уурхайгаас залгуулж байна. Манай уурхайд Завхан аймгийн бүх сумаас иргэд ирж ажилладаг бөгөөд орон нутаг дахь баталгаатай ажлын байр байсаар ирсэн. Зөвхөн Дөрвөлжин сумаас гэхэд нийт өрхийн тэн хагасаас илүү нь энэ уурхайд болон уурхайн туслан гүйцэтгэгч компаниудад ажилладаг. Өөрөөр хэлбэл, энэ уурхай нь Дөрвөлжин сумын иргэдийн ажлын байр, орлогын гол эх үүсвэр төдийгүй Завхан аймгийн цөөнгүй иргэнийг ажлын байраар хангаж байгаа уурхай юм. Харамсалтай нь уурхайн үйл ажиллагааг түр зогсоосноос хойш эдгээр өрх айлууд орлогогүй болж, эдийн засгийн энэ хүнд нөхцөлд зээлийн дарамтад орохоос гадна өдрийн хоолгүй болсон өрх ч цөөнгүй боллоо. Уурхайн ажилчдын насанд хүрээгүй 542 хүүхэд өнөөдөр аав, ээж нь ажилгүй, орлогогүй болсноос болж хохирч байна.
Коронавирусийн цар тахлын үед нэг ч гэсэн ажлын байрыг хадгалж, нэг ч болтугай өрхийн орлогыг тасалдуулахгүй байх нь Монгол Улсын Засгийн газрын зорилт гэдгийг уурхайчид бид мэдэж байгаа. Гэвч Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын хэрэгжүүлж байгаа цар тахлын эсрэг арга хэмжээ бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаа нэг жишээ нь “Баян айраг”-ийн уурхайн ажилчид бид болоод байна.
Нутаг орноо эзэнтэй байлгаж, төрсөн газар унасан нутагтаа ажиллаж, хөдөлмөрлөж байгаа уурхайчид бидний амьдралд сөргөөр нөлөөлөх шийдвэрийг төр, засгийн зүгээс гаргаж байгаа нь анх удаагийнх биш юм. Өнгөрсөн хугацаанд огт холбогдолгүй хүчин зүйлсийг ч “Баян айраг”-ийн уурхайтай холбож, уурхайчид бидний нэр хүндэд халдаж байсан тохиолдол цөөнгүй гарч байсан. Төрийн байгууллагын мэргэжлийн хүмүүс цаг тухай бүрт нь газар дээр нь ажиллаж бодит нөхцөл байдлыг дүгнээд өнгөрдөг ч уурхайн үйл ажиллагааг харлуулсан мэдээллийг эргэж залруулалгүй, цагаатгалгүй явсаар өнөөдөртэй золгосон. Энэ бүхэн эргээд уурхайчид бидэнд ч хүндээр тусдаг.
Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч, улсын төсвийн орлогын гуравны нэгийг бүрдүүлдэг уул уурхайн салбар руу дайрсан худал гүжирдлэг бүр дээр төр, засгийн холбогдох байгууллагууд бодит үнэнийг тайлбарлан мэдээлдэггүйгээс үүдэж эргээд нутаг орны нэр барьсан шантаажчид, мөнгөний үнэр авсан иргэний гэх хөдөлгөөнүүдийн шантааж хийдэг, дарамт шахалт үзүүлдэг гол бай нь уул уурхайн салбар, уурхайчид бид боллоо. Манай уурхай дээр л гэхэд иргэдийн нэр барьсан хөдөлгөөнүүд хэрхэн дураараа авирлаж, уурхайчид бидний нэр төрд бүдүүлгээр халдсан гээд жишээ дурдвал цөөнгүй болно. Гэвч хүлцэнгүйгээр өмнөх ажлаа хийж, улс эх орныхоо эдийн засаг, өөрсдийн ажлын байрын төлөө шударгаар хөдөлмөрлөж буй уурхайчид бид эцсийн дүндээ ажлын байргүй, амьдралын баталгаагүй болох дээрээ туллаа.
“Баян айраг”-ийн уурхайн ажилчид бидний дийлэнх олонхи нь Завхан аймгийнхан. Төрсөн газар, унасан усаа хордуулж, байгаль орчин, хүн малд хохиролтой зүйл хэзээ ч хийхгүй нутгийн хүмүүс. Харин ч хатуу хөтүүг туулж, алдаатай оноотойгоор урагшилж, сурч, хичээж, хөдөлмөрлөж яваа Монголынхоо нэг эд эс нь.
Иймд “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхгүй байгаа нь COVID19 цар тахлын үед ажлын байрыг хадгалж үлдэх, аж ахуйн нэгжүүдийг дэмжих Засгийн газрын бодлоготой харшилж байна гэж уурхайчид бид үзэж байна.
Бодит нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж, уурхайн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, Монгол Улсын иргэд, уурхайчид бидний амьдралын баталгаа, ажлын байрыг сэргээж өгөхийг Та бүхнээс хүсье.
“Баян Айраг”-ийн уурхайчид, ажилчид