Ажилтан бүр 300-900 мянган төгрөгийн үзлэг, оношилгоонд хамрагдаж байна
Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын 2020 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг долдугаар сарын нэгнээс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 4711 ажилчин, 131 ахмад, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадварын хувь тогтоолгосон 29 иргэн хамрагдсан байна. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байгаа ажилтнууд болон бусад иргэн 16 багцаас сонголтоо хийн, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр оношлуулж байгаа юм. Жил бүр зохион байгуулагддаг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо нь багцаасаа шалтгаалан 300-900 мянган төгрөг байдаг. Ажилтнуудынхаа эрүүл мэндийн төлөө Эрдэнэт үйлдвэрээс зардлыг нь төлдөг.
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг энэ оныг дуустал хийгдэнэ. Багцаа сонгохдоо өмнө жилүүдийн эрүүл мэндийн үзлэгийн мэдээлэл, мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу сонгох нь үр дүнтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Үзлэг оношилгоонд хамрагдсаны дараа буюу 13 цагаас хойш “Медипас” эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт оношны дагуу үнэ төлбөргүй үзүүлж, зөвлөгөө авч болох юм.
Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлага, ажилчдынхаа нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд жил бүр “Медипас” эмнэлэг, “Эрдэнэт” сувиллын цогцолбортой хамтран ажилчдаа нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд хамруулж байна. Энэ жилийн тухайд үйлдвэрийн ажилчин, ахмад, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадварын хувь тогтоолгосон иргэн гээд нийт 8000 орчим хүн үзлэг, оношилгоонд 16 багцаас сонгон хамрагдах юм.
У.Цэрэнбат