Цианидын сулруулсан уусмал гоожсон талбайн хөрсийг шинжилгээнд явуулжээ

Нийтэлсэн: Админ 2020-12-14 12:32:34
 

 

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн уурхайн үйлдвэрийн талбайд 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өглөөний 08:00 цагийн орчимд 110 мм-ийн хоолой задарчээ. Ингэснээр бага агууламжтай буюу литр тутамд 0.06-0.07 гр буюу 63-70 ppm концентрацтай цианид натрийн сулруулсан уусмал хэсэг талбайг хамарч гоожсон байна. Тухайн үед ажиллаж байсан үйлдвэрийн ажилчид шугам хоолойд гарсан гэмтлийг хугацаа алдалгүй илрүүлжээ. Улмаар урсгалыг зогсоон орчныг бүрэн аюулгүй болгосон байна. Гэмтэл гарсан газарт “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийнхан, Завхан аймгийн Цагдаагийн газар, Мөрдөн байцаах тасаг, Экологийн асуудал хариуцсан мөрдөн байцаагч, Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Дөрвөлжин сумын ИТХ-ын дарга, Байгаль орчны байцаагч, Байгаль хамгаалагч, хяналтын газраас бүрдсэн шуурхай ажлын хэсэг ажиллаж, хяналтын цооног, хөрснөөс дээж авсан байна. Мөн шинжилгээний дүн гартал уурхайн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа ажээ.  

Албаны эх сурвалжийн мэдээллээр уг нь “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн ТЭЗҮ-д 300 ppm буюу нэг тонн усанд 300 грамм цианид агуулагдахаар норм заасан. Харин дээрх гоожсон уусмал нь үүнээс багасгаж сулруулсан, нэг тонн усанд 63-70 грамм цианидын агууламжтай байжээ. Түүнчлэн энэхүү цианид натрийн сулруулсан уусмал “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн уурхайн хамгаалалт бүхий нягтаршуулсан талбайд гоожсон байна. Хамгаалалттай нягтаршуулсан талбайг бэлдэхдээ энэ мэтээр уусмал хөрс рүү нэвчихээс сэргийлж олон дахин индүүдэж дагтаршуулдаг байна. Үүн дээрээ геоспитетик шавран үе буюу бентонит материал дэвсдэг. Энэ нь чийг авахаар бетон болдог байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн боловсруулах үйлдвэрээс нуруулдан уусгах талбай хүртэл уусмал түгээх шугам буюу хоолой явдаг. Энэ дагууд дээр хэлсэн хамгаалалт бүхий нягтаршуулсан талбайг бэлдсэн байдаг ажээ. Нэмэлт хамгаалалттай ийм талбайгаас гадна ер нь л уурхайн үйл ажиллагааг явуулдаг бусад хэсэгт ч хөрсийг олон дахин индүүдэж хатуу нягтаршуулж, доош ус нэвчүүлэхгүй болгож дагтаршуулсан байдаг юм байна.

Тиймээс тухайн үед гадаа -20 хэмийн хүйтэн байсан учраас нягтаршуулан, хамгаалсан талбайд гоожсон сулруулсан уусмал асгарсан даруйдаа хөлдсөн байна. Ингэснээр уурхайн Аюулгүй ажиллагааны баг газар дээр нь цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч аюулгүй болгожээ.