Л.Цэдэвсүрэн: Орон нутаг явах оюутнуудыг шинжилгээнд хамруулж эхэлсэн

Нийтэлсэн: Админ 2020-12-07 16:50:20

Болосрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Оюутнуудыг шинжилгээнд хамруулах ажил нэлээд өргөн хүрээтэй хийгдэж байх шиг байна. Хэдийнээс хөдөөний оюутнуудыг гэрт нь хариулж эхлэх вэ?
-Бүх нийтийн бэлэн байдлын хугацаа сунгагдсантай холбогдуулан нийслэлд дотуур байранд амьдарч суралцдаг оюутнуудын хувьд зарим талаар хүнсний хомсдолд орох, маск, гар ариутгалын бодис дутагдах зэрэг хүндрэлүүд үүсэж эхэлсэн. Оюутнуудаа эрсдэлээс сэргийлэх, дархлааг нь дэмжих, хоол хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилгоор манай яамнаас нарийвчилсан судалгаа хийж  асуудлыг Засгийн газарт танилцуулан зохих шийдвэр гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Оюутны дэмжлэгэнд зориулж 400 гаруй сая төгрөг зарцуулаад байна. Энэ маань оюутнуудад ихээхэн дэмжлэг, тусламж болсон гэдэгт итгэлтэй байна.

Орон нутгаас нийслэлд айлаар болон байр түрээслэн амьдардаг, дотуур байранд суудаг оюутнуудаа эхнээс нь шинжилгээнд хамруулж эхэлсэн.

 

Орон нутгаас нийслэлд айлаар болон байр түрээслэн амьдардаг, дотуур байранд суудаг оюутнуудаа эхнээс нь шинжилгээнд хамруулж эхэлсэн. Улсын Онцгой комиссоос хөдөө орон нутгийн иргэдийг энэ сарын 10 гэхэд гэрт буцаахаар шийдсэн тул энэ хугацааг баримтална. Эрүүл мэндийн яамнаас шинжилгээ авах асуудлыг ерөнхийд нь хариуцаж байгаа болохоор бид хамтран ажиллаж байна.

-Нийслэлд шинжилгээ авч байгаа байрыг ерөнхий боловсролын сургуулийг сонгосонд танай салбарын зарим багш ажилтан их дургүйцэж цахим сүлжээнд сэтгэгдэл бичиж байгаа...
-Ер нь хэвлэл мэдээлэл, цахим сүлжээнд санал сэтгэгдэлээ бичих нь хувь хүний эрхийн асуудал. Би тэрэнд эмзэглээд байдаггүй. Хүмүүс бичиж байгаа сэдэв, мэдээ, мэдээлэл, санал бодлоо тухайн асуудлаа их сайн судалж бичээсэй гэж боддог. Нийслэлийн хэмжээнд шинжилгээ авах байрыг Улсын Онцгой комисс болон Шуурхай удирдлагын төв, Нийслэлийн Онцгой комисс судалж шийдвэрлэсэн. Хэдийгээр бидний зүгээс сургуулиудыг шинжилгээ авах байраар сонгохыг эхлээд дэмжээгүй ч тэнд халдвар хамгааллын бүх нөхцөл байдлыг сахиулахын төлөө холбогдох байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байна.

Бид бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, амьдарч байгаагаа мартаж болохгүй, Улсын Онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн байгууллагын чиглэл, зөвлөмжийг заавал биелүүлэх үүрэгтэй. Шинжилгээ авах байрны зохион байгуулалтад таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нар хамтран ажиллаж байна. Энэ ажил дууссаны дараа ариутгал, халдваргүйтэлийг мэргэжлийн түвшинд холбогдох байгууллага иж бүрнээр нь хийх болно.

-Саяхан хэвлэлээр дамжуулан МАН-ын Ардын хүч холбооны ТУЗ-ын дарга О.Одбаяр танд хандан Ил захидал илгээсэн. Бодитой шийдэлийн хариуг нь өгсөн үү?
-Дэлхий даяар олон улс орон “КОВИД 19” цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор нийтийн эрүүл мэндийн төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг болох цэцэрлэг, сургуулийн танхимын сургалтын үйл ажиллагааг түр болон бүрэн зогсоосноос үүдэн боловсролд урьд өмнө байгаагүй бэрхшээл тулгарч байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас буюу 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааг танхимын, танхимын болон танхимын бус хосолмол, зайн болон цахим хэлбэрээр явуулах бодлого, стратеги гаргаж, бэлтгэл хангаж байна.

 

Иргэддээ боловсрол тасралтгүй олгох зорилгоор өмнө нь болон одоо хэрэгжүүлж буй теле, цахим хичээлийн чанар, үр өгөөж, хүүхдүүдийн болон эцэг эх, багш ажилтны сэтгэл зүйн нөхцөл байдал, суралцагчдын хичээл хоцрогдолын байдал зэрэгт Боловсролын хүрээлэн болон Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран дотооддоо хэд хэдэн төрлийн судалгаа хийн судалгаанд суурилсан төлөвлөлт хийсэн. Мөн ЮНЕСКО, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагатай коронавируст халдвараас сэргийлэх, тархах, бусад эрсдэлтэй холбоотойгоор хичээл сургалтын үйл ажиллагааг хойшлуулах, зогсоох, хэрхэн үргэлжлүүлэх нөхцөл байдлын талаарх бодлогын асуудлаар олон улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцон хамтран ажиллаж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас буюу 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааг танхимын, танхимын болон танхимын бус хосолмол, зайн болон цахим хэлбэрээр явуулах бодлого, стратеги гаргаж, бэлтгэл хангаж байна.  Тухайн үеийн “КОВИД 19” цар тахлын нөхцөл байдал ямар байх, УОК, Засгийн газраас авах арга хэмжээтэй уялдуулан сургалтын хэлбэрийг сонгоно. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хичээл, сургалтын үйл ажиллагааг аль болох танхимын хэлбэрээр зохион байгуулах бодлого баримталж байгаа. Энэ талаар иргэн О.Одбаярт албан ёсоор хариу өгнө.

-Удахгүй хүүхдүүд урт хугацаагаар амарна. Амралтын үеэр теле хичээл үргэлжлэх үү, эцэг, эх амралтын үеэр хүүхдүүдийнхээ хичээлийг давтуулах боломж байгаа юу?
-Сурагчдын амралтын хугацаанд албан ёсоор телевизүүдээр теле хичээл гарахгүй. Эцэг, эх, асран хамгаалагчид амралтын энэ хугацаанд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарах, цагийг зөв зохистой, бүтээлч хэлбэрээр өнгөрүүлэхэд нь анхаарах хэрэгтэй. Хүүхдүүддээ хичээлийг нь чөлөөт цагаар нь ачаалал өгөхгүйгээр давтуулах, нөхөж үзэх тохиолдолд манай Econtent.edu.mn цахим хуудаснаас хичээл, контентийг үзэж болно.

Эцэг эхчүүд сургалтын үйл ажиллагааг дан ганц тухайн сургуулийн удирдлага, багш, ажилтнуудын үүрэг хариуцлага гэж ойлгож, тэр бүр идэвхтэй оролцдоггүй түгээмэл хандлага тогтоод удаж байгаа. Эцэг эхийн хуралд сууснаа л сургуулийн үйл ажиллагаанд оролцоод байна гэж ойлгодог байсан.

Магадгүй танхимын сургалтын үед багш нар боловсролын үйлчилгээний дийлэнх хувийг нуруундаа үүрдэг байсан бол теле болон цахим хичээлийн үед эцэг эхийн оролцоо ямар чухал болохыг бүгд мэдэрч байна.

 

КОВИД-19 бидэнд маш олон асуудлыг олж харах боломжийг өгч байна. Магадгүй танхимын сургалтын үед багш нар боловсролын үйлчилгээний дийлэнх хувийг нуруундаа үүрдэг байсан бол теле болон цахим хичээлийн үед эцэг эхийн оролцоо ямар чухал болохыг бүгд мэдэрч байна. Танхимын сургалт нээгдсэн ч хүүхдийнхээ боловсролд эцэг эх ямар их үүрэг оролцоотойг, оролцсоноороо ямар үр дүнд хүрч болохыг бүх түвшиндээ мэдэрч байна.

Цаашид албан байгууллагууд үйл ажиллагааны төлөвлөлтийг хийхдээ ажилтан албан хаагчдадаа хүүхдийнхээ боловсролд цаг зарцуулах боломжийг олгох, эцэг эхийн зөвлөлтэй болох, сургуулиуд эцэг эх, олон нийтийн оролцоонд тулгуурласан менежмент төлөвлөлт хийх шаардлагатай. Ингэснээр сургалтын чанарт цоо шинэ дэвшлийг авч ирнэ.

Эх сурвалж: БШУЯ