АН: ШЕЗ болон шүүхийн Сахилгын хорооны томилгоонд УИХ оролцох ёсгүй
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төсөлд АН-ын бүлгээс оруулах зарчмын зөрүүтэй саналын томъёолол, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцжээ. Улмаар "Шүүхийн тухай хуулийн төсөлд шүүхийн Ерөнхий зөвлөлийн болон шүүхийн Сахилгын хорооны гишүүдийг сонгох, томилоход УИХ оролцох ёсгүй. Хууль зүйн байнгын хороо дээрх томилгоог хийх нь шүүх засаглал бие даасан, хараат бус ажиллах зарчмыг алдагдуулж УИХ-аас хамааралтай болно. Энэ нь ардчилсан нийгэмд шударга шүүхээр үйлчлүүлэх иргэдийн эрх зөрчигдөх нөхцөл үүснэ. Өөрөөр хэлбэл, төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн тэнцвэрт байдлыг алдагдуулах нөхцөл үүснэ" гэж үзсэн байна.
Мөн Шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөнд шүүхийн нийт шүүгчид оролцох эрхтэй байх, шүүгч шүүгчдээ нөлөөлдөг байдлыг халах өөчлөлтийг хуулийн шинэчлэлээр хийх шаардлагатай. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч танхимын бүрэлдэхүүнийг баталж, томилно гэж оруулсныг хасах зэрэг заалт оруулах нь зүйтэй гэж үзжээ.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийсэн байна. Тэрээр тус хуулийн төслийн ажлын хэсэгт АН-ын бүлгээс орж ажиллаж байгаа бөгөөд 16 тодорхой санал гаргажээ. Тухайлбал, нэр дэвшигчид хандив өгөгч талд хариуцлага хүлээлгэж болох заалт оруулах ёстой гэж үзжээ. Учир нь, хууль зөрчиж, албаар нэр дэвшигчид хохирол учруулах зорилготой хандив өгсөнийг тодорхойлох хэцүү. Үүнийг шалгаж тогтооход цаг хугацаа их зарцуулдаг. Тиймээс хэрэв хандив өгөгч талаас шалтгаалсан хариуцлага хүлээх нөхцөл үүсвэл хандив өгөгч тал хариуцлага хүлээдэг байх нь зөв гэж үзжээ.
Сонгуулийн сурталчилгааг сүүлийн 12 сарын турш тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн хэвлэл мэдээллийн байгууллагаар явуулах, хуульд заасан хугацаанд зардлын тайлангаа ирүүлээгүй бол дараагийн сонгуульд оролцуулахгүй байх зэрэг саналыг төсөлд нэмж тусгасан байна.
АН-ын Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын болон Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжсэн бол Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэнгүй. Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн агуулга нь АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгч санал болгосноор УИХ томилдгийг болиулж, АТГ-ын дарга нь өөрөө томилдог болох юм.