ЭМЯ: Хатуу хөл хориог ОН ДУУСТАЛ сунгах санал хүргүүлжээ
“Монгол Улсад нийт хүн амын дунд эрсдэлийн түвшин өндөр байна” гэсэн эрсдэлийн үнэлгээ гарсан талаар өнөөдөр /2020.12.07/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тиймээс хөл хориог дахин сунгах шаардлагатай гэж ЭМЯ үзэж, уг саналаа УОК-т хүргүүлжээ.
Эх сурвалжийн хэлснээр, ЭМЯ одоогийн арга хэмжээгээ сулруулахгүй байж, халдварыг хумих нь чухал хэмээн үзэж хөл хориог хэсэгчилсэн байдлаар буюу голомтот газруудад он дуустал сунгах шаардлагатай гэж үзсэн байна.
Монгол Улсад Covid-19 кластер буюу байршмал хэлбэрээр, төмөр зам дагасан таван аймаг (Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь), нийслэл Улаанбаатар хот мөн Архангай аймагт кластер байдлаар бүртгэгдэж байна. Covid-19-ийн кластер тархалт үргэлжилж байгаа учраас тухайн тохиолдлын ойрын хавьтлыг илрүүлэх, тусгаарлах, эрэмбэлэх, идэвхтэй илрүүлэг хийх гэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дотоодод халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын голомтыг тархаахгүй барих, хязгаарлах зорилгоор арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэл хэсэгчилсэн хатуу хөл хориог үргэлжлүүлэн тогтоосон. Уг хугацааг сунгах эсэхийг удахгүй УОК–ын ээлжит хуралдаанаар шийдвэрлэнэ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд Сovid-19-ийн нийт 38 тохиолдол батлагдаж, үүнээс 32 нь нийслэлд бүртгэгдсэнээр дотоодод халдварын тохиолдол нийт 439 болов.
Ямартай ч ЭМЯ–наас Монгол Улсад бүртгэгдээд буй Сovid-19-ийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа УОК-т хүргүүлжээ.