Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь үлдээв
Э.Оюунболдын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал Улсын дээд шүүхэд өнөөдөр болж, дараах шийдвэрийг гаргажээ. Э.Оюунболдын аварга цолыг хурааж түүнд унасан бөхчүүдэд Улсын цол чимэг олгохоор шүүхээс шийдвэрлэсэн байна. Мөн Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээс хасах саналыг Улсын дээд шүүхээс хүчингүй болголоо.
Эргэн сануулахад, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг хэвээр үлдээж, хоёр дахь заалт болох “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн билээ.
Хэдийгээр Э.Оюунболдын барилдах эрх нь сэргэсэн ч тэрбээр Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолоо хураалгахыг хүссэнгүй шүүхэд хандсан. Хэрвээ түүний цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарвал Монгол Улсын аварга Н.Батсуурь Даян аварга болно. Гэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн шатны эцсийн шийдвэр гаргах хүртэл цол хураах талаар ямар нэг шийдвэр гаргахгүй гэх мэдээлэл бий.
Э.Оюунболдтой барилдаад унасан Д.Анар улсын заан, Б.Цэдэнсодном улсын харцага, Н.Мустафа начин цол хүртэнэ. Харин хамгийн харамсалтай нь наймын даваанд Э.Оюунболдтой тунан өвдөг шороодсон улсын арслан Ц.Содномдорж л цолоо ахиулж чадахгүй чимэгтэй үлдэж байна. Тэрбээр допинг хэрэглэсэн
Э.Оюунболдтой таараагүй бол улсын арслан цолтон болж, улсын наадамдаа түрүүлэх боломжтой байсныг
үгүйсгэх аргагүй. 2019 оны баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Э.Оюунболдод тавын даваанд өвдөг
шороодсон, энэ жилийн наадмаар улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат
Н.Мустафа чимэгтэй начин болно.
Зургаагийн даваанд Э.Оюунболдод өвдөг шороодсон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат,
тухайн жилдээ шинэхэн улсын начин болсон Б.Цэдэнсодном, улсын харцага цол авна. Долоогийн даваанд
Э.Оюунболдод өвдөг шороодсон Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, 2019 онд улсын харцага
болсон Д.Анар, улсын заан цол хүртэнэ. Наймын даваанд Э.Оюунболдод өвдөг шороодсон Хөвсгөл
аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж, үлэмж бадрах чимэг авна. Харин есийн
даваанд Э.Оюунболдтой үзүүр, түрүү булаалалдан өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат,
улсын аварга Н.Батсуурь, Монгол Улсын даян аварга цол хүртэх ёстой.