АТҮТ: Нүүрс тээврийн С квотыг Хятадаас олгодог

Нийтэлсэн: Админ 2020-09-30 14:58:40

Авто тээврийн үндэсний төв  /АТҮТ/ улс хоорондын байнгын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохтой холбогдуулан аж ахуй нэгж байгууллагуудад хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.


АТҮТ-ийн төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд захирал Ц.ЭРДЭНЭЧУЛУУН:

БНХАУ болон Монгол Улсын хоорондох авто тээврийн хэлэлцээрийн хүрээнд хил нэвтрэх С зөвшөөрлийн бичгийг тогтоож олгодог. Энэ хүрээнд 2020 оны IV улиралд БНХАУ-тай хиллэдэг есөн боомтоор нийт 264 аж ахуй нэгж /ААН/, байгууллагын 12660 тээврийн хэрэгсэлд С зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлсэн. Үүнээс 258 ААН, байгууллагын 9291 тээврийн хэрэгсэлд олгоод байна.

Гашуунсухайт боомтын чиглэлд нийт дөрвөн уурхайгаас 160 ААН, байгууллагын 9969 тээврийн хэрэгсэлд  зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлснээс Засгийн газар хоорондын хэлэлцээр, холбогдох хууль дүрмийг үндэслэн 154 ААН байгууллагын 6600 тээврийн хэрэгсэлд олгосон. Энэхүү хяналт шалгалтын тайланг олон нийтэд нээлттэй харах байдлаар цахим хуудсанд байршуулсан. Сонирхсон хүн бүр харах боломжтой. АТҮТ-өөс зөвшөөрлийн бичиг олгох явцыг нээлттэй байдлаар зохион байгуулахын тулд 2019 онд “Тээврийн нэгдсэн систем” болох цахим программыг нэвтрүүлсэн. Ингэснээр Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын лицензийн төв зэрэг байгууллагын мэдээллийн сантай холбосон нь иргэдэд мэдээллийг ил тод авах боломжтой болсон гэсэн үг. 

“Тээврийн нэгдсэн систем”-д Гашуунсухайт боомтоор 158 ААН-ийн 9857 тээврийн хэрэгсэлд С зөвшөөрөл авах хүсэлт ирсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар  6600 С зөвшөөрлийн бичгийг олгоод байна. Шивээхүрэн боомтоор 37 ААН-ийн 1497 хүсэлт ирснээс 1407 зөвшөөрлийн бичгийг олгосон. Булган боомтоор 28 ААН-ийн 748 хүсэлт ирснээс 728 тээврийн хэрэгсэлд зөвшөөрлийн бичиг олгосон.

240 ААН-ЭЭС 25 КОМПАНИ Л ШААРДЛАГА ХАНГАСАН

АТҮТ-ийн төрийн өмчит үйлдвэрийн  газрын  хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.АЙДОС:

Гурван сарын  хугацаанд хоёр улсын хооронд байнгын тээвэрлэлт хийх С зөвшөөрлийн бичгийг БНХАУ-ын талаас Монголд олгодог. Ингэхдээ АТҮТ-өөс  стандартын шаардлага хангасан компаниудад тодорхой тоогоор олгодог. Өнгөрсөн 7-8 сард Шивээхүрэн болон Гашуунсухайт боомтод үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд хяналт шалгалт хийлээ. Гашуунсухайт боомтод нийт 240 ААН, байгууллага тээвэрлэлт эрхэлж байгаа бөгөөд 14 мянга орчим том оврын тээврийн хэрэгсэл улс хооронд нүүрс тээвэрлэж байна. Тус боомтод үйл ажиллагаа явуулж байгаа 240 ААН олсон ашгаасаа жолооч нарын нийгмийн асуудлыг шийдэх буюу амрах, усанд орох байр, эрүүл мэндэд анхаарал хандуулах талаас нь хяналт шалгалт хийсэн. Хяналт, шалгалтын явцад цахилгаангүй, унтах байргүй, кабин дотроо хоолоо хийгээд унтаж амардаг олон ААН таарсан. 

Хяналт шалгалтад нийт  240 ААН  хамрагдах ёстой байсан ч 161 ААН хамрагдсан. Үүнээс шаардлага хангасан ердөө 25 компани л байна. Өөрөөр хэлбэл, жолоочийн амрах, усанд орох байртай, эмчийн үзлэгт хамруулах шаардлагыг хангасан ердөө 25-хан компани байна гэсэн үг.

Мөн дунд эрсдэлтэй буюу зарим шаардлагад тэнцээгүй ч өөр нэгэн шаардлагыг  хангаж байгаа 67 компани бий. Үүнд, түрээсийн амрах байртай ААН хамаарна. Үлдсэн 69 компани нь огт шаардлага хангаагүй буюу ихэнхдээ жолоочдод хамаг ажлыг үүрүүлсэн байх жишээний. Тухайлбал, жолооч амьдрах нөхцөл, машиныхаа засварыг хүртэл өөрсдөө дааж байна. Шалгалтын хүрээнд гарсан дүнгээс хамаараад тухайн компаниудад С зөвшөөрлийн бичиг олгохыг тодорхой хугацаагаар хязгаарласан. Жолоочийнхоо нийгмийн асуудлыг шийдэж байгаа жишиг ААН-үүдэд С зөвшөөрлийн бичгийг 80-90 хүртэлх хувиар олгож байгаа бол муу байх тусам бага олгож байгаа. Учир нь, зөвхөн ашиг олоод байх бус, тэр ашгаа хүндээ зориул гэдэг шаардлагыг АТҮТ-өөс тавьж байгаа.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

С зөвшөөрөлтэй холбоотой авлигын асуудал АТҮТ-ийн үе үеийн удирдлагад холбогдож байсан. Одоо бол С зөвшөөрлийг олгохдоо цахим хэлбэрт шилжиж байгаа гэж ойлголоо. Өнгөрсөн хугацаанд АТҮТ-ийн хичнээн албан тушаалтан С"зөвшөөрөлтэй холбоотойгоор шалгагдсан бэ?

-Өмнө нь хүний оролцоо маш олон байсан учраас хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан. Тиймээс “Тээврийн нэгдсэн систем”-ийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд туршаад хөгжүүлэлтээ хийж ирсэн. Гашуунсухайт боомт дээр улиралдаа 6000 С зөвшөөрлийн бичгийг тээврийн хэрэгсэлд олгодог. 6000 орчим гэдэг нь БНХАУ-ын Тээврийн танхимаас хэлэлцээрийн хүрээнд дурдагдсан тоо. 6000 дотроо багтан “Оюутолгой” ХХК, “Тавантолгой" ХК, “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн хүсэлт ирүүлдэг. С зөвшөөрлийн бичиг олгох үед "Ямар компани ихийг аваад ямар нь багыг аваад байгаа юм" гэсэн хардлага сэрдлэг бий. С зөвшөөрөл бага авсан компаниудын зүгээс шалтгаан нөхцөлөө ил тавихыг шаардсан учраас бид сайтдаа байршуулсан. Огт шалгалтад хамрагдаагүй буюу амрах байргүй, засварын төвгүй компаниудыг цаашид цэгцлэхээс өөр арга алга.