Хакүхо М.Даваажаргалын найман ханатай гэр арлын орныг зорино
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргалын найман ханатай гэр дэлхийн тавцанд Монголын өв уламжлалыг сурталчлан таниулахаар арлын орныг зорих гэж байна. Японы нийслэл Токио хотод болох зуны олимпийн наадмыг угтан энэхүү гэр “Tokio Tower”-т сүндэрлэх юм. Их аварга маань “Токио-2020” олимпийн наадмын Монголын багийн элчээр томилогдон ажиллаж байгаа билээ. Бүрэн сийлбэрт гэрийн тухайд гэвэл хойморьт нь Их эзэн Чингис хаан суух бөгөөд бөртэ чоно, гоо маралыг дүрсэлсэн суурь багана дээр Чингис хааны бүтээн босгосон Их Монгол Улс байгуулж буйг харуулах тооно, багана урлажээ. Түүнчлэн эзэнт гүрнийг өндийн босгоход түүхэн гавьяа байгуулсан өрлөг жанжид болон Шихихутуг Их засаг хуулиа чандлан сахиулж байгааг илтгэх бүтээл онцгой харагдана. Тооны хүрээнд хаант төрийн есөн бэлэгдлийг есөн эрднээр чимэглэн цаг хугацааны үргэлжлэл болох 12 жилээр хослуулсан нь үнэхээр сэтгэл бахдам юм.