ЭМГЭНЭЛ
ЭРДЭНЭ-ОЧИРИЙН ЭНХБАЯР
/1962-2020/
Э.Энхбаяр нь 1962 онд Улаанбаатар хотод Монгол Улсын гавьяат тамирчин, гурван үеийн Улсын арслан Ө.Эрдэнэ-Очирын ууган хүү болон мэндэлж, 1971-1981 онд Улаанбаатар хотын 10 жилийн 17 дугаар дунд сургууль, 1981-1983 онд Улаанбаатар хотын Анагаах Ухааны Дунд Сургуулийг сувилагч, бага эмч мэргэжлээр тус тус төгсөж, 1983 оноос Улсын Клиникийн Нэгдүгээр Төв эмнэлэгт мэс заслын тасгийн сувилагчаар ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн юм.
Тэрбээр спортын гэр бүлд өсөн хүмүүжиж, бага наснаас үндэсний бөх, чөлөөт бөх, байт харваа, дугуй, сонгомол бөх, паралимпийн спортоор амжилттай хичээллэн Монголын бүх ард түмний спартакиад, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэн, сонгомол бөхийн анхны улсын аваргаар тодорч, 1995 онд Дэлхийг тойрох “AXA World” олон улсын дугуйн уралдаанд Монгол Улсаа төлөөлж оролцсон байт харваа, дугуйн спортоор БНМАУ-ын спортын мастер цолтой сайн тамирчин байлаа.
Э.Энхбаяр нь 1985 оноос Биеийн тамир спортын улсын хорооны Спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвд массажист, бага эмч, үндэсний шигшээ баг хариуцсан эмчээр тус тус ажиллаж, Сөүл-1988, Сидней-2000, Афин-2004, Бээжин-2008, Лондон-2012, Рио-2016 Зуны олимпийн наадам, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын Улсын шигшээ багийн эмч, массажистаар амжилттай ажилласан юм.
Монгол Улсын анхны Олимпийн аваргууд, тив, дэлхийн олон аварга, алдартнуудыг төрөн гарахад өөрийн мэдлэг, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулсан спортын анагаах ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, ажилсаг, чадварлаг туршлагатай, шилдэг массажист эмч бөгөөд спортын гэр бүлийнхний хүндэтгэлийг хүлээсэн хайртай хүү нь байлаа.
Түүний гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын Гавъяат ажилтан цол хүртээж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ойн медалиуд, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан”, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Монголын үндэсний олимпийн хорооны Алтан од, Олимпийн алдар, Алтан Очир, Бөртэ чоно дээд шагнал, Төв аймгийн Хүндэт иргэн цолоор тус тус шагнагджээ.
Талийгаачийн эх орноо гэсэн халуун сэтгэл, өргөсөн тангарагтаа үнэнч, ажилсаг хичээнгүй, шударга, эгэл даруу, нөхөрсөг, хүнлэг зан чанар, гэгээн дүр төрх нь Монголын ард түмэн, спортын гэр бүлийнхний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.