“Стронг мэн” монголд
Дэлхий даяар хурдацтай хөгжиж, олныг хамарч буй спорт бол пауэрлифтинг. Манай оронд энэ спорт анх дэлгэрсэн цагаас амжилтын буухиа тасраагүй. Зөвхөн сүүлийн таван жилээр дүгнэвэл манай тамирчид тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс аваагүй медаль гэж үгүй. Хүн төрлөхтөний цэнгэлийн манлай паралимпийн наадмаас хүрэл медаль хүртэж, өдгөө тив, дэлхийн дээд амжилтыг тогтоож буй. Тэгвэл Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо "Мөнххада" ХХК-тай хамтран талын Монголын хүчтэнг шалгаруулахаар энэ цагийн шилдэг 10 залуугийн дунд “Мөнххада стронг мэн” тэмцээн зохион байгуулахаа зарлалаа. “Мөнххада Стронг мэн” тэмцээн Яармаг дахь “Мөнххада"-гийн талбайд энэ сарын 26-ны 12:00 цагт болох юм байна. Тамирчдын эхний сорил нь газраас татах төрөлд 200 литрийн хоёр ширхэг пошигтой тосыг тавцанд байрлуулж өрсөлдөнө. Дараа нь 20 литрийн 10 ширхэг торхтой тосыг өндөрлөсөн тавцанд цагтай уралдан байрлуулж буцаан буулгана. Эцсийн даалгавар нь “Ланд круйзер 200” авто машин ачсан том оврын тээврийн хэрэгсэлийг чирэх төрлөөр өрсөлдөх юм.