Ираны олимпийн медальт цорын ганц эмэгтэй тамирчин эх орноосоо дүрвэжээ
Ираны түүхэнд Олимпийн наадмаас медаль хүртсэн цорын ганц эмэгтэй, өдгөө 21 настай Кимиа Ализадех Зенурин улс төрийн шалтгаанаас үүдэн эх орноосоо дүрвэжээ. Энэ тухай тэрээр хуудсандаа бичихдээ, “Би жилээс жилд дарлуулж, ашиглуулсан олон сая Ираны эмэгтэйчүүдийн нэг. Эрх баригчдын өмс гэснийг нь өмсч, хэл гэснийг нь хэлж байлаа. Намайг Иранд бугшсан бурангуй хоцрогдмол ёсны дагуу хэлгүй мэт байх ёстой дуулгавартай эмэгтэйчүүдийн нэг гэж үзэж байсан. Би тэдний бузар булай эдийн засаг, улс төрд өөрийгөө захируулж, зохицуулахыг цаашид чадахгүй” гэжээ. Кимиа Ализадех Зенурин түүнчлэн, Ираны удирдлага түүнийг үг хэлээр доромжлон, эмэгтэй хүн хөлөө сунгаж алдарших нь зүйд нийцэхгүй гэдэг байсан тухай дурдсан аж. 2016 онд Рио Де Жанейрогийн Олимпийн наадмын таеквондогийн 57 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан тэрээр Нидерланд руу дүрвэжээ.