Ц.Цолмон: Яг үнэндээ одоо таны ч, миний ч тэтгэврийн нэрийн дансанд нэг ч төгрөг байхгүй
Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны босгон дээр анх зарлаж, УИХ-ын дарга дэмжиж мэдэгдэл хийж, Засгийн газраас хуулийн төслийг нь өргөн бариад байгаа Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийн талаар хуульч Ц.Цолмонгийн байр суурийг сонирхлоо.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргасныг нь Засгийн газраас хуулийн төсөл болгон санаачлаад УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ зөв үү?
-Нэг юм хэлье. Тэтгэврийн зээл тэглэх нь үндэсний аюулгүй байдлын асуудал биш л дээ.
-Юу гэсэн үг үү. ҮАБЗ-ийн шийдвэр буруу гэсэн үг үү?
-Үндсэн хуулийг эшэлж байгалийн баялгаасаа ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх ёстой гэж яриад байна лээ. Уг нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан байдаг юм. Гэтэл энэ хуулийн төсөл өндөр настануудын нэг хэсгийг баярлуулж, нөгөө хэсгийг нь гомдоосон, ард нь байгаа үр хүүхдүүд нь хүртэл хоёр өөр хуваагдсан, магадгүй ирээдүйд эцэг, эхээрээ тэжээлгэх сонирхолтой хэсэг бүлгийг улам нэмэгдүүлж ч болзошгүй шийдвэр болж байх шиг байна. Төслийг өргөн барьснаас хойш үндсэндээ нийгмийг талцуулан хуваачихаад байна. Төсөл нь хууль болоод батлагдахаараа ямар байдалтай болохыг харж л байна.
-Зөв болж батлагдах болов уу. Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох санаачилга хүртэл гараад хэлэлцэгдэж байна ш дээ. Ер нь ингээд зээл тэглээд явах нь зөв юм уу?
-Тэтгэврийн зээлийн хувьд зээлийн үлдэгдэлээс чөлөөлөгдөж байгаа хүмүүс, зээл аваагүй хүмүүсийн аль алинд нь ч буруу байхгүй. Тоо баримтаас харахад өндөр насны тэтгэвэр авагчдын 75 хувь нь буюу 309000 хүн тэтгэврийн зээлттэй. Үүнээс нийт зээлдэгчдийн 80 гаруй хувь нь хэрэглээний зээл авсан байна. Энэ бол хөгшчүүлийн тэтгэвэр амьжиргаанд нь хүрэлцэхгүй байгаагийн илрэл. Төрийн халамжийн бодлого “бай”-гаа онохгүй байна шүү гэдгийг л харуулж байгаа юм.
Шулуухан хэлэхэд энэ асуудлыг улстөрчид сонгуулийн зорилгоор улс төрийн оноо авах арга болгож, эдийн засгаа эрсдэлд оруулж байгаад нь харамсаж байна. За яахав зээлийн үлдэгдэлийг нь тэглэдэг юм байж. Ваучер олгодог юм байж. Гэтэл өгөх мөнгө нь хаана байгаа юм. Сангийн сайд тийм мөнгө төсөвт тусгагдаагүй, төсөвт тодотгол хийхгүй гээд хэлчихсэн. Бид гуравхан жилийн өмнө ОУВС-гийн өмнө баахан амлалт авч эдийн засгаа дефолтод оруулчилгүй авч үлдсэн. Ийм бодлогыг ОУВС дэмжихгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Улсын өрийн хэмжээ ямар байгаа билээ. Ирэх дөрөвдүгээр сар гэхэд бид улсын төсвийн орлогын бараг 10 хувьтай тэнцэх хэмжээний “Мазаалай” бондын өрийг төлж эхэлнэ. Өрийн удирдлагын баримт бичгийг саяхан УИХ баталсан. Миний санаж байгаагаар дотоодын банкуудаас зээл авахгүй байх бодлого гарсан гэж ойлгосон. Салхитын мөнгөний ордыг чухам яаж, хэзээ эдийн засгийн эргэлтэд оруулах гээд байгаа талаар бодитой ойлгомжтой тайлбар хийхгүй байна. За эргэлтэд ордог юмаа гэхэд бусад шинэ компаниудын нэг адил эхний хэдэн жилдээ өөрсдийн үйл ажиллагааг санхүүжүүлэхээс хэтрэхгүй.
Үлдэж байгаа арга нь Монголбанк цаасан мөнгө л үйлдвэрлэнэ. Мөнгө үйлдвэрлээд яаж ч хувиргаж, яаж ч гоё тайлбарлаж болох л байх. Гэхдээ эцсийн дүндээ мөнгө хэвлэх замаар энэ асуудлыг шийдэх гэж байгаа бол улсын эдийн засагт, цаашилбал ард түмний амьдралд сөрөг нөлөөтэй. Бид бүгд нийтээрээ хохирогч болох нь тодорхой. Хэрэв үнэхээр л хөгшчүүлийн амьжиргааны асуудалд санаа зовоод байгаа юм бол тэтгэврийн сангийн шинэчлэлийг яагаад ярьж болохгүй байгаа юм.
-Харин ч Тэтгэврийн сангийн шинэчлэл сүүлийн үед нэлээд яригдаж байна. Өчигдрийн чуулган дээрч зарим гишүүд ч иймэрхүү санаа хэлж байсан шүү дээ?
-Энэ талаар мэргэжлийн хүмүүс олон жилийн өмнөөс нэлээд сайн судалсан байдаг. Гэхдээ бодлого болгоод хэрэгжүүлэх улс төрийн хүсэл зориг байх ёстой. Өнөөдөр үйлчилж байгаа нэрийн дансны тогтолцоогоор цаашдаа удаан явахгүй гэдэг нь ойлгомжтой. Өнөөдөр 18-55, 60 насны ажил орлоготой иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Мөн тэтгэврийн сангийн зарим хэсгийг төсвийн орлогоор бүрдүүлж байна. Яг үнэндээ бол одоо таны ч миний ч нэрийн дансанд нэг ч төгрөг байхгүй. Тэтгэврийн сангийн орлогыг одоо тэтгэвэрт авч байгаа хүмүүст тараачихаж байгаа. Тэтгэврийн сангийн алдагдал одоо их наядаар тоологдож байгаа болов уу.
-Тэгээд яах ёстой юм бэ?
-Угтаа тэтгэврийн сан жинхэнэ утгаараа хуримтлал үүсгэдэг сан хэлбэртэй байх ёстой. Олон улсын жишгээр тэтгэврийн сангийн менежмэнтийг нь улстөрчид, төрийн албаныхан хариуцдаггүй. Харин банкир, санхүүгийн нарийн мэргэжлийн хүмүүс хариуцдаг. Сангийн хөрөнгийг үнэт цаасны зах зээлээр дамжуулан эрсдэл багатай, өндөр ашигтай төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулах, томоохон компанийн хувьцаа худалдан авах замаар эдийн засгийн эргэлтэд оруулж байдаг. Худлаа санаагүй бол Английн эдийн засгийн 75 хувийг тэтгэврийн сангууд эзэмшиж байдаг гэсэн судалгаа харж байсан. Ер нь дэлхийн томоохон хөрөнгийн бирж дээр гол тоглогч нар тэтгэврийн сангийнхан л байдаг. Тэднийг институциональ хөрөнгө оруулагч гэдэг. Хамгийн гол нь тэтгэвэрт гарсан иргэдэд үлдсэн амьдарлаа тайван амгалан амьдарахад хангалттай хэмжээний хөрөнгийг бий болгох зорилготой байдаг. Цаашдаа нэрийн дансны тогтолцоогоор явбал одоогийнхоос илүү хүнд байдалд орно гэдгийг бүгд л ойлгож байх аа.
-Тэтгэврийн зээлийн асуудал руугаа эргээд орье. Таны хувьд төслийг дэмжиж байгаа юу?
-Ер нь иргэд төр засгийн удирлагад байгаа хүмүүсийг сайн ажиллаасай л гэж хүсдэг. Өр тэглээсэй, мөнгө тараагаасай гэж сонгодоггүй байх. Нэг үеэ бодвол иймэрхүү арга хэмжээ улсад хортой гэдгийг хэн хүнгүй л ойлгодог болсон. Үүний тулд заавал эдийн засагч байх шаардлагагүй. Харин улстөрчид л ийм зүйлийг санаачилж, хэрэгжүүлдэг. Нэгэнт хууль нь батлагдах юм бол сонгуулийн өмнө л бүгдийг нь хэрэгжүүлээд дуусгаасай билээ. Хувьдаа бол ийм нэг удаагийн халамжийн бодлого эдийн засагт сөргөөр нөлөөлж, дунд хугацаандаа өрхийн орлогыг бууруулж, худалдан авах чадварт муугаар нөлөөлнө гэдгийг л баттай мэдэж байна.