Үндсэн хуулийн барилдаанд улсын цолгүй ганц бөх түрүүлсэн нь Ч.Санжаадамба
Монгол бөхийн өргөөнд энэ ням (1.12-нд) гаригт Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болно. Анхны барилдаан 1992 онд болоход улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байв. Энэ барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон (1993, 1996, 1997, 1998) түрүүлсэн бол дархан аварга А.Сүхбат гурван удаа үзүүрлэсэн (1997, 1998, 2001) амжилтаараа тэргүүлж байна. Мөн улсын цолгүй бөх түрүүлсэн ганц тохиолдол байдаг бөгөөд аварга Ч.Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтойдоо түрүүлж байжээ.