Канад улсаас Монгол Улсад суух Элчин сайд Кэтрин Ивкоф Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-25 13:45:45

Канад улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэн хатагтай Кэтрин Ивкоф өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Түүнийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, хоёр орны эдийн засаг, соёл, спортын харилцааны асуудлаар санал солилцов.

Монгол-Канадын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, түүний бүтэц нь уул, уурхай, ашигт малтмалд тулгуурласан байдаг тул эдийн засгийн харилцаагаа төрөлжүүлэхэд, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын оролцоог нэмэгдүүлэхэд түлхүү анхаарахыг Элчин сайдаас хүслээ. Мөн Монгол Улсын алслагдсан сумдыг Канад технологиор шинэчлэх ажил эхэлсэн талаар дуулгаж, төсөлтэй танилцах, бусад сумдыг шинэчлэх ажилд Элчин сайдыг идэвхтэй оролцохыг уриалав. Талууд мөн спортын хамтарсан бэлтгэл хийх, багш дасгалжуулагчаа харилцан солилцох зэрэг спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.