Улсын заан Б.Пүрэвсайханаас бусдынх нь эрхийг сэргээв

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-23 15:18:00

Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн баасан (12.20нд) гаригт Монгол бөхийн өргөөнд болж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.


Нэгдүгээрт, энэ жил Өмнөговь, Хэнтий, Говьсүмбэр, Налайх дүүргийн наадамд шөвгөрсөн бөхчүүдийн цолыг эрэмбэд оруулахгүй байх шийдвэрээ цуцалсан байна. Дээрх аймгийн бөхийн салбар хорооныхон Баяр наадмын бөхийн оноолтыг будилуулж, МҮБХ-нд оноолтоо явуулаагүй гэх зөрчил гаргасан билээ.

Хоёрдугаарт, допинг хэрэглэж, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан таван бөхийн барилдах эрхийг сэргээх талаар хуралдахад улсын гарьд Ө.Бат-Орших, начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын барилдах эрхийг сэргээхээр болжээ. Харин улсын заан Б.Пүрэвсайханы барилдах эрхийг ирэх оны хоёрдугаар сарын 1-нд сэргээхээр Тэргүүлэгчдийн хуралд оролцсон гишүүд санал нэгтэйгээр баталлаа. Хоёр жилийн өмнө БСШУСЯ-наас “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад дээрх таван бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн билээ.