СУРВАЛЖИЛГА: ТЕГ зөвхөн хураадаг, торгодог биш зөвлөдөг, сэргийлдэг болж байна

Нийтэлсэн: Админ 2019-10-22 10:24:19

Татварын Ерөнхий газар, татварын байцаагчаас айдаг цаг ард хоцорч. Татвар төлөгч ААН, албан байгууллага, иргэн таныг торгоно гэхээсээ илүү түрүүлээд зөвлөгөө мэдээлэл сургалт өгч, сэрэмжлүүлдэг болоод буй таатай мэдээлэл байна. Сүүлийн үед  тус газраас энэ чиглэлийн үйл ажиллагааг түлхүү зохион байгуулж буй юм. Энэ сарын эхний хагаст улс орон даяар 1267 найман нэрийн дэлгүүрийн бизнес эрхлэгчдэд сургалт явуулсан бол дараагийн удаад нүүрс импортлогч энэн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудад сургалт явуулах юм байна. Өөрөөр хэлбэл хяналт шалгалт хийхээс илүү арга зүйн зөвлөмж зөвлөгөө өгөх тал руу анхаарч эхэлжээ.


-“АНХАН ШАТНЫ БАРИМТЫГ ЧЕНЖҮҮДЭЭС НЭХЭЖ, ШААРДАЖ АВСНААР ТЭДНИЙ ОРЛОГЫГ ХЯНАХ БОЛОМЖТОЙ”

Өчигдөр /2019.10.19/ Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газраас мах экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд арга зүйн зөвлөмж өгөх цогц сургалтыг зохион байгуулав. Сургалтад Татварын хяналт шалгалт арга зүйн газрын дарга О.Тэнгис оролцож татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны шинэчлэлийн тухай илтгэл тавьсан. Мөн тухайн газрын татварын улсын байцаагч Ц.Өлзийбаяр нар махны экспорт эрхлэгчдийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүд, тэдгээрийг давтан гаргахгүй байхын тулд ямар хуулийн зүйл заалтыг дагаж мөрдөх ёстой тухай танилцуулгыг хийв.  Түүнчлэн ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Н.Гэрэлмаа Засгийн газрын 2019 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 329 дугаар тогтоолоор батлуулсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-ыг шинэчлэн батлуулсны дагуу орсон нэмэлт өөрчлөлтүүдийг танилцууллаа.

Монголын татварын албанд мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1243 татвар төлөгч бүртгэлтэй байдаг аж. Үүнээс сүүлийн хоёр жилд 99 татвар төлөгч мах экспортолсон байна. Үүнээс 66 компанид шалгалт хийхэд тав нь татварын зөрчилгүй гарчээ. Бизнес эрхлэгчид мах экспортлох квотыг ХХААХҮЯ-аас авч өөрийн үйлдвэрт мах, малын дайвар бүтээгдэхүүнийг бэлтгэн гадагшаа гаргадаг байна. Энэ удаагийн сургалтанд оролцогчид мал худалдаж байгаа иргэд болон дамжуулан борлуулж байгаа иргэд төлбөрийн баримт олгохгүй байгаа нь татварын тайлан мэдээг үнэн зөв гаргахад хүндрэл учруулж байгааг онцолж байлаа. Татварын албаны зүгээс анхан шатны баримт болохуйц баримтыг МАЛЧНААС, ЧЕНЖЭЭС шаардаж аваарай. Ингэснээр татвар төлөхгүй байгаа ченжүүдийн орлогыг хянах ач холбогдолтой. Боломжгүй тохиолдолд бүтээгдэхүүн худалдан авч буй хүнийхээ иргэний үнэмлэхийн хуулбарыг авах, зургийг авах зэргээр баримтжуулан анхан шатны баримт бүрдүүлэлтдээ ашиглаж болно” хэмээх зөвлөгөөг өгсөн юм.

-МАК ЭКСПОРТЛОГЧДЫН ГАРГАДАГ АЛДАА, НИЙТЛЭГ ЗӨРЧИЛ-

Татварын хяналт шалгалт арга зүйн газраас мах экспортлогчдод хяналт шалгалт хийхэд дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ. Үүнд:

1. Экспортын квотоо бусдад ашиглуулах;

2. Зуучлалын орлогод НӨАТ ногдуулаагүй;

3. Урамшуулалын орлогод /зээлийн хүүгийн хөнгөлөлт/ татвар ногдуулаагүй;

4. Мах бэлтгэлийн ажиллагааны анхан шатны баримтыг НББ-ийн хуулийн дагуу бүрдүүлээгүй;

5. Вальютын ханшын бодит бус алдагдлыг ТНО-оос хасагдах зардалд оруулж тооцсон

6. Хуулиар тогтоосон хэмжээнээс хэтэрсэн томилолтын зардлыг ТНО-оос хасагдах зардалд оруулж тооцсон

7. Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн торгуулийг зардалд тооцсон

8. Монгол улсад байрладаггүй татвар төлөгчид олгосон орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөөгүй

9. Нөөцийн махыг борлуулахдаа цахим төлбөрийн баримт олгоогүй

10. Чөлөөлөгдөх борлуулалтад ногдох бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг худалдан авалтад тооцсон

-“ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХЭЭСЭЭ ИЛҮҮ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГДӨГ БОЛЖ БАЙГАА НЬ ТААЛАГДЛАА”-

“Мах экспортлох чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй татвар төлөгчдийг хууль, тогтоомж зөрчих эрсдлээс хамгалах нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлэгт хамрагдсан мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөллийн сэтгэгдлийг сонслоо.

“Мах маркет” ХХК-ийн  Санхүүгийн захирал н.Хөхөөжаргал: “Татварын багц хуулинд хоёр, гурван өөрчлөлт оржээ. Өмнө нь татвараас хасагддаг байсан зардлын өөрчлөлт орж ирж байгаа юм байна. Иймэрхүү сургалт байнга явуулж байвал бидэнд асар хэрэгтэй юм. Мах экспортлоход татварын тал дээр ямар асуудалд гардаг талаар ч ярилцлаа” гэсэн юм.

“Органик фүүд” ХХК-ийн менежер н.Төмөрхуяг: “Мак экспортын татварын талаар нилээдгүй мэдээлэл аваад гараад ирлээ. Өмнө татварын талаар үр өгөөжтэй иймэрхүү сургалтанд хамрагдаж байгаагүй. Манайх байгуулагдаад гурван жил болж байгаа шинэ компани юм. Гэхдээ мах биш дайвар бүтээгдэхүүн экспортлодог. Ченжүүдээс дайвар бүтээгдэхүүн авдаг ч, баримтаа олж авч чаддагүй нэг бэрхшээл бий. Энэ нь дайвар бүтээгдэхүүн экспортлодог бидэнтэй адил мах экспортлогчдод ч тулгардаж юм байна. Баримт бичиг бүрдүүлэлт тал дээр мэдээлэл авлаа” гэв.

“Саян Уул” ХХК-ийн нягтлан н.Сэлэнгэ: “Мах экспортлогчдод квотыг шинээр тогтоосон юм байна. Үүнийг ойлгож, мэдэж авлаа. Хяналт шалгалт хийхээсээ илүү иргэд болоод ААН-үүдэд арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгч, урьдчилан сэргийлдэг болж байгаа нь маш их таалагдсан шүү.  Энэ бодлого нь ихээхэн ач холбогдолтой юм байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

-“О.ТЭНГИС: ДЭЛХИЙН БҮХ УЛС ОРНУУД ТАТВАРЫН МЭДЭЭЛЛЭЭ ХООРОНДОО СОЛИЛЦДОГ БОЛЖ БАЙГАА”

Татварын хяналт шалгалт арга зүйн газрын дарга О.Тэнгистэй ярилцаж, тодорхой хэдэн асуултад хариулт авлаа.

-Мах экспортлогч 66 компанид шалгалт хийхэд таван компани л татварын зөрчилгүй гарсан гэдэг мэдээлэл яригдлаа. Яагаад ийм харьцангуй тоо гарав. Мах экспортлогчдыг татварын ямар хууль, ямар зөрчил чөдөрлөөд байгаа гэж дүгнэж байна вэ?

-2018-2019 онд хилээр мах экспортолж, гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн 99 компани бий. Үүний 66 компанийг татварын алба шалгасан.  Үүнээс таван компани татварын хуулийн дагуу бүх татвараа үнэн зөвөөр тайлагнасан байдаг.  Үлдсэн 61 нь ямар нэгэн байдлаар татварын зөрчилтэй, шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээсэн гэсэн үг. Тухайлбал квотоо бусдад ашиглуулсан, малчдаас авах ёстой хасагдах зардалдаа бүртгүүлэх ёстой худалдан авалтын баримт дутуу гэх мэт олон төрлийн зөрчил илэрсэн. Гэхдээ нийтлэг илэрч буй зөрчил дээр сургалт зохион байгуулж зөвөлгөө өглөө.

-Монгол Улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр хичнээн ААН татвар төлдөг вэ?

-Мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр бизнес хийдэг 1400 гаруй компани байна. Эдгээр бүгд татвар төлөгч. Гэхдээ бүгд татвараа сайн төлдөг гэсэн үг биш. Энэ дагуу татварын алба татвараа хууль ёсны дагуу төлүүлэх үүрэгтэй. Өнөөдрийн үйл ажиллагаа үүн рүү чиглэсэн.

-Иймэрхүү сургалт зохион байгуулж байв уу. Ялангуяа татварын байгууллагаас хувь иргэн, ААН айж сүрддэг хандлагатай байдаг. Энэ удаагийн сургалт энэ хандлагыг өөрчилж, зөвлөгч нь болж ойртож байгаад татвар төлөгчид олзуурхаж буй нь ажиглагдлаа?

-Яг үнэн. Татварын алба хяналт шалгалт хийдэг арга барилаа өөрчлөн шинэчилж байгаа. Өмнө нь байцаагч томилогдон шалгаж, акт бичих, торгууль тавих зэргээр ажилладаг байсан. Одоо бол салбар салбарт нь чиглэсэн буюу нэг бизнес хийж буй иргэд, ААН-үүдийг хамтатган оролцуулж сургалт зөвлөгөө зохион байгуулж байна. Хэлэлцүүлэг хийж сургаж, эрсдлээс урьдчилан сэргийлж буй юм.

-Мах бэлтгэлийн ажиллагааны анхан шатны баримтыг НББ-ийн хуулийн дагуу бүрдүүлээгүй буюу малчин, махны ченж нараас энэ баримтаа мах экспортлогчид авч чаддаггүйгээс хохирлог тухай хөндөж байна. Нийтлэг тохиолдож буй “зовлон” гэж ойлгогдож байна. Энэ тал дээр ТЕГ-аас авах хэмжээ бий юу?

-Энэ зөвхөн мах экспортлогчдод тулгараад байгаа асуудал биш юм. Малчдаас ноос ноолуур, түүхий эд авах, зах дээрээс бараа бөөндөж авах зэрэгт төлбөрийн и баримт өгдөггүй асуудал тулгардаг. Энэ нь шийдлээ хүлээж буй асуудлын нэг яах аргагүй мөн. Ченжийн төлөх ёстой татварын арван хувийг мах экспортлогч төлж хохирдог. Дан ганц татварын газартай холбоотой асуудал биш. Цахимжуулах, цахилгаан тогтой болгох, уулын мухарт буй малчиныг утастай болгож и баримтын төлбөр тооцоотой болгох асуудал юм. Цахим нэгдсэн системийг татварын алба амжилттай хэрэгжүүлж байна.

-Дэлхий нийтийн татварын бодлого хаашаа чиглэж байна вэ?

-Дан ганц монголд татварын хууль шинэчлэгдэж байгаа юм биш. Дэлхий даяараа татварынхаа  хууль, татвар ногдуулж буй тогтолцоогоо өөрчилж байна. Ингэхийн тулд Европын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, дэлхийн банк, их найм, их хорьд багтдаг улсууд зэрэг 160 гаруй орон “ашиг шилжүүлэх замаар татварын бааз суурийг муутгах”-ын эсрэг нэгдээд байгаа. Дэлхийн даяар татварынхаа хуулийг нэг  загвар стандартаар хийж байна. Мөн хоорондоо татварын мэдээлэл чөлөөтэй солилцож эхэлж байна. Монголдоо татварын ямар нэг татварын асуудалтай байлаа ч хятад руу очоод мэдэгдэх боломжтой. Хоёр улс хоорондоо татварын мэдээлэл солилцоход л гараад ирэх бололцоотой болж байгаа юм. Иймээс урьд нь болоод байсан гэдэг байдлаар битгий хандаачээ. Татварын шинэ тогтолцоо, шинэ арга барил нэвтэрч байгаа шүү.