УСАН ДУНДАХ УЛААНБААТАР ХОТ

Нийтэлсэн: Админ 2018-07-17 7:27:16

УСАН ДУНДАХ УЛААНБААТАР ХОТ


Нийслэл хотынхонд өвөл тулгамддаг асуудал бол утаа. Харин зун тулгамддаг асуудал нь үерийн, тогтоол ус  яалт ч үгүй мөн билээ. Гэвч эдгээр асуудлууд яригдсаар байгаад улирал нь дуусахад утаа мэт замхарчихдаг. Нийслэлчүүдийн ёжилж заншсанаар “уртын хариалтын улирал” хэдийнээ дундаа оржээ.  Хачирхалтай нь бороо орж, үер буухаас нааш шугам сүлжээнийхээ асуудлыг ярьж, шийдвэрлэх арга замыг хайдаггүй нь шийдвэрлэх шатны албан тушаалтнуудын нэг дутагдал мөнөөс мөн.


Анх 500 мянган хүнтэй байхаар төлөвлөж хийсэн ус зайлуулах шугам маань хот тэлэхийн хирээр хөндүүрлэсээр байна. Хэсэгхэн зуурын борооны дараа ямар дүр зураг бий болдгийг хэлэхэд илүүц биз.


Шинээр барьж буй замуудад борооны ус зайлуулах шугам сүлжээг  тус ажлыг гүйцэтгэж буй компани нь хийх ёстой байдаг байна. Гэвч тухайн компанид нь мэргэжлийн усны барилга байгууламжийн инженер, ус зүйч байхгүй, мэргэжлийн хүнээр зураг төслөө хийлгэдэггүй, хийлгэсэн ч үүнийгээ мөрддөггүй, замынхаа хотгор гүдгэрийг тааруулалгүйгээр шугамыг оновчгүй байрлуулдаг байна. Энэ нь хаа сайгүй элбэг тохиолддог тогтоолуудыг үүсгэдэг ажээ. Цаашлаад авто замын эвдрэл, гэмтэлд шууд нөлөөлдөг байна.


Сүүлийн үед үерийн далан, ус зайлуулах хоолой байгаа газарт гарааш, байшин, барилга, гэр, хашаа барих нь олширсон. Энэ газар олголт, газар төлөвлөлтийн шууд алдаа юм.


1960 оны үед их хэмжээний бороо орсны улмаас хотын гудамжаар хүн, машин урсаж, байшин барилгад цууралт үүсч албан газрын ажил 3 хоног зогсож байсан тухай хууччуул ярьдаг. Тус үерийн улмаас ихээхэн хохирол учирч тухайн үеийн ханшаар 300 сая төгрөгийн зардал гарч байсан. Үерийн дараа Сэлбэ, Улиастай, Туул голд үерээс хамгаалах байгууламж, зам талбайд ус зайлуулах шугам, 1973 онд Толгойт, III, IY хороолол, Хайлааст, Чингэлтэй, Бэлх, Дэнжийн 1000-д үерийн хамгаалалтын байгууламж, далан  шуудууг барьж эхэлжээ.


Харин өдгөө жил болгон тодорхой газруудад ус зайлуулах шугам хийх, угсрах ажлыг хийдэг. Гэвч тэдгээр нь үр дүнд хүрдэггүй.


Өнгөрсөн онд л гэхэд Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын хэрэгжүүлэх төслийн хүрээнд борооны ус ихээр тогтдог 11 байршилд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийсэн.


Чингэлтэй дүүргийн 6-н буудлын автобусны зогсоол орчимд, Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо Баянхошуу орчмын авто замын эргэлт дээр, Сонгинохайрхан дүүрэг, 15-р хороо 1-р хороолол 23а байр орчимд, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо “Өгөөж- Чихэр боов” ХК-ний замын урд талын 39-р байр орчмын зам талбайд, Чингисийн өргөн чөлөө – Ажилчдын гудамжны уулзвар орчимд, Гермесийн зүүн талын 017, 018, 019 дүгээр байруудын дундах зам талбайд, Гадаад хэргийн яамны баруун талын уулзварын ус тогтдог хэсгийн авто замд, Баянгол дүүрэг 17-р хороо, Нарны замын баруун хэсэг 1000 авто машины зогсоолын арын замд, Чингэлтэй дүүрэг далан давхрын урд талын авто замд, Авто замчдын гудамж, Сэлбэ гол дагуух авто замд, Замын цагдаагийн газрын зүүн талын ус тогтдог байршлуудад шугам угсралтын ажлыг хийжээ.


Гэвч бороо ороход бүгд шалгалтад бүдэрдэг.


Борооны ус урсах замдаа гэр хорооллын хөрс шороог урсган засмал замуудаар тараадаг. Түүнээс үүдэн замын эвдрэл гэмтэл, хотгор гүдгэр үүсдэг тухай Хот тохижилтын албаны ажилчид ярьсан юм. Дор хаяад гэр хорооллынхоо ус зайлуулах шугам сүлжээг анагаах юм бол асуудлаа нимгэлж буйгаас ялгаа юу билээ.


Хамгийн гол нь ус зайлуулах шугам хомс байгаагаас үерийн ус авто замыг дэвтээж, түүгээр хүнд даацын тээврийн хэрэгслүүд явсанаар амархан эвдэрдэг. Хэрвээ ус зайлуулах шугамыг хотын даяар хангалттай хэмжээнд суурилуулчихвал авто замын насжилт уртасна. Ингэж чадвал бид нэг сумаар хоёр туулай буудаж байна аа л гэсэн үг юм.


Энэ асуудлал шийдэгдэхгүй бол усан дундах Улаанбаатар хотын иргэдэд харайх, тойрох, туучихаас өөр сонголт үгүй бололтой.


Наанадаж гэнэтийн, үргэлжилсэн усархаг бороо орвол тэр их усыг хаанаа шингээх юм бол доо Нийслэл хот минь...


Л.Сайнбаяр