16 иргэнээс угаартсан гэсэн дуудлага иржээ
Нийслэлийн холбогдох байгууллагаас өдөр бүр иргэдийн дуудлагатай холбоотой мэдээлэл өгч байгаа. Өнөөдөр өгсөн мэдээллээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаа, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газрын 31 алба хаагч өнгөрсөн шөнө үүрэг гүйцэтгэжээ. Энэ хугацаанд гурван дүүргээс зургаан дуудлага ирсэн байна. Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргээс тус бүр хоёр дуудлага бүртгэгдэж нийт 16 иргэн угаартсан гэсэн дуудлага өгснөөс 9 нь хүүхэд, 7 нь насанд хүрсэн хүн байжээ.
Насанд хүрсэн иргэдэд нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвөөс гэрээр зөвлөгөө өгсөн бол есөн хүүхдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэн, эмнэлгийн тусламж үзүүлэн гэрт нь буцаасан байна. Угаартсан гэсэн мэдээлэл багасаж байгаа ч өдөр бүр бүртгэгдэж байгаа тул сургалт сурталчилгааны ажлыг тасралтгүй, тогтмол өгөх нь чухал гэдгийг нэмэв.