“Азийн хотуудын орон сууцны IV форум” болж байна
Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор “Азийн хотуудын орон сууцны IV форум”-ыг өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар болон Азийн зургаан орны орон сууцны байгууллагын төлөөллүүд оролцож байна.
“Азийн хотуудын орон сууцны IV форум”-ыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг хангах, санхүүжилтийг дэмжих, иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй, урт хугацааны зээлд хамруулах чиглэлээр нийслэл хот болон Засгийн газраас тодорхой төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Төвлөрийг сааруулж агаар орчны бохирдлыг бууруулахын тулд иргэдээ орон сууцжуулах нь чухал. Тиймээс орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууц түрээслээд өмчлөх орон сууц гэх мэт орон сууцжуулах олон төрөл хэлбэрийг нэвтрүүлж эхлээд байгааг дуулгахад таатай байна. Бүтээн байгуулалтын ажил бүхэнд иргэн, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зарчмыг баримтлан ажиллаж байна” гэлээ.
“Азийн хотуудын орон сууцны IV форум”-ны үеэр орон сууцны талаар баримталж буй бодлого ба санхүүжилтийн механизм, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх боломж ба хэрэгцээ шаардлага,төр-иргэн-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сэдвүүдийн дор Тайланд, Вьетнам, Филиппин хотуудын төлөөллүүд, зочин улсаар Францын Парис хотын төлөөлөл оролцон илтгэлээ хэлэлцүүлнэ.
“Азийн хотуудын төрөөс баримталж буй бодлого, үзүүлэлтэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түрээсийн орон сууцны санхүүгийн механизм, орлогод нийцсэн ногоон орон сууцны талаар хэлэлцэх чухал ач холбогдолтой форум болж байна. Нийслэл хотын агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэх гарц шийдэл нь орон сууцжуулах юм. Тиймээс Азийн хотуудын орон сууцжуулах бодлого, амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдэд туршлага солилцож байна” хэмээн нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар онцоллоо.
Азийн орон сууцны форумыг анх 2016 онд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулж байсан бол дөрөвдэх удаагийн форумыг Улаанбаатар хотод анх удаа ийнхүү зохион байгуулж байгаа юм. Форум өнөөдөр 16:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд форумын үйл ажиллагааг MNB, Mass телевиз шууд дамжуулан олон нийтэд хүргэж байгаа юм.